Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Оюут: Богд уулын орчимд газар ашиглах эрхээ гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д шилжүүлэх зөрчил илэрч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
 

Богдхан уулын дархан цаазат газраас тус газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан "Богдхан ууланд газар ашиглагчдын газар ашиглахад гаргадаг нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь" сургалтыг өнөөдөр зохион байгуулсан юм.

"Бичил эко" аялал жуулчлалын хэмжээнд 2015 онд газар ашиглах эрх олгосон 680 уугуул иргэн бий

 

Сургалтын үеэр Богдхан уулын дархан цаазат газрын Хуулийн хэрэгжилт хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Оюутаас газар ашиглалттай холбоотой нийтлэг зөрчлүүдийн талаар тодруулахад “Тусгай хамгаалалттай газар нутаг дээр гурвалсан гэрээгээ байгуулсан ААН-үүд газрын төлбөрийн асуудал дээр төөрөгддөг. Үүний улмаас зарим тохиолдолд газрын төлбөр төлөгддөггүй.

Мөн Тусгай хамгаалалттай газар дураараа зам тавих, талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглах, нүхэн жорлон ашиглах гэх мэт түгээмэл зөрчлүүд илэрч байна. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутагт уурын зуух ашиглах, нүхэн жорлон ашиглахыг хориглодог.

Гэвч "Бичил эко" аялал жуулчлалын хэмжээнд 2015 онд газар ашиглах 680 эрхийг иргэдэд олгосон нь нүхэн жорлон ашиглаж байна.

Энэ асуудлыг шийдэхийн тулд БОАЖЯ-наас "Ногоон зээл" хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэнд 40 хүртэлх сая төгрөгийн, 100-с дээш хүн хүлээж авах хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдэд 200 сая хүртэл төгрөгийн барьцаагүй зээл олгож байгаа.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах эрхээ шилжүүлэх зөрчил ч илэрч байна. Энэ нь Монгол хүн өөрөө нэр дээрээ газар ашиглах бичиг баримтыг олж аваад Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр очиж, өөр иргэний нэр дээр шилжүүлчихдэг гэсэн үг юм.

Энэ зөрчил нь мэдэгдэхгүй явсаар зөвхөн хяналт, шалгалтын явцад л илэрдэг.

Уг нь Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглахыг хориглосон хуулийн заалт бий.

Иргэд хуульд заасан зарим зүйлсийг мэдэхгүйн улмаас ийм зөрчил гаргаад байгаа хэрэг. Тиймээс сурталчилж, зөвлөх үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна" гэсэн юм.

Тусгай хамгаалалттай газруудад газар ашиглах эрх олгоход хамгаалалтын газрын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрээ гаргадаг аж.

Ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар түр орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг.

Гэтэл газар ашиглах эрхтэйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахдаа анхны зориулалтыг нь өөрчлөх асуудал ихээр гардаг гэдгийг нэмж хэлэв.

Усны нөөцийн сан бүхий газарт буюу Баянзүрхийн гүүрээс Яармагийн гүүр хүртэл Туул гол дагуу хамгаалалтын бүсээс 50-аас 200 метр дотор 56 ААН-д газар олгосон байсныг БОАЖ-ын сайдын 2018 оны А/76 А/113 гэсэн тушаалаар цуцалжээ.

Мөн ойн сан бүхий газрыг ашиглалтад өртүүлэхээр олгосон газруудаас хэсэгчлэн цуцлаад энэ оны байдлаар 32 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үлдсэн байгаа аж.

Монгол Улсын газрын сан нэгдмэл байх ёстой

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн н.Гэрэлтуяа “Энэхүү сургалтад би Газрын кадастрын ленд менежер программ нэвтэрч байгаатай холбоотой мэдээллийг өгөхөөр ирсэн.

Энэ программ нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан аймаг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн солилцоонд тусгах нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, засварлан Улсын кадастрын мэдээллийг нэгдсэн системд холбох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа.

Монгол Улсын газрын сан нэгдмэл байх ёстой. Гэвч Улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглагч иргэд улсын мэдээллийн нэгдмэл сан дээр мэдэгддэггүйгээс болж тоон мэдээлэл зөрж байна.

Мөн мэдээллийн сан нь цахимжаагүйгээс болж газар ашиглах гэрээний бүртгэл дутуу байна.

Богдхан Уулын Дархан цаазат газрын нэгж талбарын бүртгэл мэдээлэл одоог хүртэл хангалтгүй байдаг нь иргэдээс бүрдүүлэх материалыг давхардуулан авах асуудал үүсэж байгаатай холбоотой.

Мөн иргэн, ААН-үүдэд олгосон талбайг хэтрүүлэн ашиглаад байдаг.

Мэдээж хамгаалалтын захиргаа нь энэ олон ашиглагч дээр өдөр тутамдаа хяналт тавих боломжгүй учраас энийг давхар мэдээллийн санд оруулж өгөх нь зүйтэй" гэв.

Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж, талбаруудын судалгааг гарган засварлах ажил хийгдэх аж.