Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Египетийн археологичид тус улсын өмнөд бүсийн Луксор хотын ойролцоогоос 30 шинэ муми илрүүлснээ Бямба гарагт нийтэд танилцуулжээ.

Луксор хотын баруун хэсэгт орших эртний Аль Асасиф оршуулгын газраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийн муми бүхий 30 модон авс олсон тухай Египетийн эртний дурсгалын яам мэдээлсэн байна.

Уг нээлтийг 19 дүгээр зууны сүүл үеэс хойш 130 орчим жилийн хугацааны хамгийн том олдвор гэж дүгнэжээ.

Модон авснууд нь өнгө өнгийн чимэглэл, сийлбэртэй бол дотрох муминууд нь маш сайн хадгалагдсан байна. Олдворууд нь нийтийн тооллын өмнөх 10 дугаар зуунд харьяалагдах буюу 3,000 орчим жилийн настай гэж тодорхойлжээ.

Энэ нь эртний Египетийн 22 дугаар Фараоны хаанчлалын үед тооцогдоно. Олдворуудыг сэргээн засварласны дараа ирэх онд Гизагийн пирамидуудын дэргэд нээгдэх Египетийн Их Музейд шилжүүлэх ажээ.

Египет улсад 2011 онд Хосни Мубаракын дэглэм унаснаас хойш тогтворгүй байдал үүссэнтэй холбоотой аялал жуулчлалын салбар нь унаад байгаа. Сүүлийн жилүүдэд олон улсын аялагчид, жуулчдыг татахын тулд тус улсын засгийн газар эртний олдворуудыг илрүүлэх, нийтэд сурталчлах ажлыг эрчимтэй явуулж байна.

 

Эх сурвалж: Reuters