Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Фэйсбүүк дэх худал контент, хуурамч аккаунтыг устгах асуудлыг шийдэх "Ногоон суваг"-ийг ХХЗХ-той хамтран нээлээ"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/ болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай "Ногоон суваг" буюу шууд харилцах цахим сувгийг албан ёсоор нээж байгааг ХХЗХ-ны дарга Г.Чинзориг өнөөдөр мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

"Цагдаагийн байгууллагын нотолгоог үндэслэн ХХЗХ устгах хүсэлтийг Фэйсбүүк компанид илгээнэ"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Иргэд хуурамч хаяг, гүтгэлэг, доромжлол, садар самуун сурталчилсан мэдээллийн талаар гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах юм. Ингээд цагдаагийн байгууллага түүнийг нь шалгаад, нотолвол ХХЗХ хуурамч хаяг, мэдээллийг устгах хүсэлтийг Фэйсбүүк компанид илгээнэ. Фэйсбүүк компани мөн өөрийн бодлого, хууль журмын хүрээнд хүсэлтийг хэлэлцээд устгах эсэх шийдвэрийг богино хугацаанд гаргах юм. Түүнээс биш "Ногоон суваг" нээгдлээ гээд дурын хаяг, мэдээлэлд ХХЗХ дүгнэлт хийгээд, түүнийг нь шууд Фэйсбүүк компаниас устгана гэсэн ойлголт биш" хэмээн Г.Чинзориг дарга тайлбарлав.

"Ногоон суваг" хэрхэн ажиллах талаар танилцуулах тус хуралд Фэйсбүүк компанийн Хонг Конг, Тайвань, Монгол Улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен мөн оролцсон юм.

"Улс төрийн албан тушаалтантай холбоотой гомдлыг "Ногоон суваг"-аар хүлээж авахгүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнээс "Ногоон суваг" хэрхэн ажиллах талаар тодрууллаа.

- Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хооронд байгуулсан уг шууд шугам иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдахгүй ажиллаж чадах уу?

- Та бүхэн мэдээж байгаа Фэйсбүүк бол глобал компани. Монголд маш өргөн хэрэглээтэй буюу хоёр сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Үүнд бид баяртай байгаа. Идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр бидний зүгээс хариуцлагыг өндөржүүлэх шаардалагтай гэсэн бодлого баримталдаг. Энэ ажлын хүрээнд ХХЗХ-той ярилцсаны үндсэн дээр шууд сувгийг нээхээр тохиролцоонд хүрсэн.

Хэрэглэгчийн report хийх, мэдээлэх функц хэвээрээ байгаа.

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж гагцхүү Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ "Community Standards" болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн тухайн контент болон бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтыг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллах болно.

Бид дэлхий даяар олон улстай ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг.

- Дурын хэрэглэгч өөрийн хуурамч гэж үзсэн хаягийг report хийж хаалгах хүсэлтээ Фэйсбүүк компанид илгээдэг. Энэ үйл явц үргэлжлэх үү?

- Хэрэглэгчийн report хийх, мэдээлэх функц хэвээрээ байгаа. "Ногоон суваг"-ийг нэмэлт шугам гэж хэлж болох бөгөөд чухал, яаралтай шийдвэрлэх шаардлагатай хүсэлтийг хүлээн авах зорилготой.

Тухайн контентийн агуулга нь "Community Standard"-ийн дагуу зөвхөн дараах хүрээг хамаарна. Үүнд:

  • Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай
  • Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлхүйц
  • Амиа хорлолт ба өөрийгөө золиослоход уриалсан
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөг, садар самуун
  • Дээрэлхэх ба дарамтлах
  • Хувийн мэдээллийн нууцлалд халдсан
  • Үзэн ядах үг хэллэг ашигласан
  • Худал мэдээлэл
  • Спам
  • Оюуны өмчид халдсан
  • Журамласан бараа бутээгдэхүүний талаар гэх мэт агуулга багтана.

Фэйсбүүкийн "Community standards"-ийн дагуу "public figure" буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, доромжилсон зэргээс үл хамааран аливаа төрлийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг "Ногоон суваг"-аар хүлээж авахгүй.

Учир нь үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээний дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй юм.

- "Ногоон суваг"-аар дамжиж очсон хүсэлтийн хэчнээн хувийг хүлээж авсан байдаг вэ?

- Фэйсбүүк компаниас зургаан сар тутам шинэчлэн гаргадаг Ил тод байдлын тайланд энэ талаар мэдээлэл багтсан байдаг. Ер нь бол дэлхийн улс орнуудаас "Ногоон суваг"-аар дамжиж ирсэн нийт хүсэлтийн 50 орчим хувийг хүлээн авч, устгасан байдаг. Энэ тайланд одоогоор Монгол Улс хараахан багтаагүй байгаа. Удахгүй тайланд ороод явна.

- Яаралтай шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд "Ногоон суваг"-аар хандана хэмээн тодотгож байгаа. Энэ тохиолдолд хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ?

- Тохиолдол тус бүрээс шалтгаалаад өөр өөр хугацаа шаардлагатай болдог. Илт хуурамч хаягийг хүсэлт ирсэн өдөрт нь багтаад хаах боломжтой. Харин текстийг уншиж, ойлгох шаардлагатай учраас монгол хэлтэй хүмүүсээр анализ хийлгэх хэрэгтэй болно. Үүнд 2-3 өдөр шаардагдах болдог. Тиймээс Фэйсбүүк компани монгол хэлтэй хүмүүсийг ажилд авах бодлого барьж байна.


Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй ашиглаж буй хоёр сая гаруй бүртгэлтэй хэрэглэгчийн 40 орчим хувь нь хуурамч хаяг гэх судалгааг ХХЗХ-оос хийжээ. Тиймээс хуурамч хаягийн ашиглалтыг багасгах зорилготой ажлуудыг хийж байгааг хэлж байлаа.