Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхбат: Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгыг ажлаас нь чөлөөлүүлэхийн төлөө тэмцэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аварга М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлж буй аж.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/733026370492879/

Залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат "Чөлөөт бөхийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 тамирчин эрхээ авч оролцсон. Миний охин эрхээ авсан ч оронд нь Э.Сумъяа оролцсныг та бүхэн мэдэж байгаа. 

Би Монголоо бодож л Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахыг зөвшөөрсөн. Харин намайг мөнгө төгрөг авсан гэж гадуур мэдээлэл тарсан байсан. Ийм зүйл огт болоогүй. 

ДАШТ-д Э.Сумъяаг амжилт үзүүлээгүйг надтай холбож, сэтгэл санааны дарамтад оруулсан гэх хүмүүс ч байлаа. Гэхдээ тамирчин хүн өөрөө сэтгэлийн хаттай байх ёстой. Харин ч Э.Сумъяа миний охиныг дарамталсан шүү дээ.

Охины минь эрхийг хассан шалтгаан нь хатиг гарсан учир гэсэн. Гэвч ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд манай охиноос гадна хоёр тамирчин хатигтай байсан юм билээ. Мөн өөр нэгэн баримт байгаа нь 2019 оны есдүгээр сарын 2-нд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, эмч нараас Монголын чөлөөт бөхийн холбоонд явуулсан хүсэлт. Хүсэлтийг нь харвал манай охиныг энэ үед л ДАШТ-д явуулахгүй гэж шийдсэн байгаа юм" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "МБЧХ-д явуулсан хүсэлтэд тамирчин М.Пүрэвтунгалагийг 2019 оны долдугаар сарын 22-нд шинжилгээнд хамруулсан боловч багийн эмчид ирүүлээгүй гэсэн байгаа юм. Гэтэл манай охин шинжилгээгээ өгч, хариугаа аваад долдугаар сарын 24-нд эмчилгээний жороо бичүүлж, зөвлүүлсэн баримт байна. Харин шинжилгээнийхээ хариуг багийн эмчдээ өгөхөө мартсан байсан юм байна.

Үүний дээр эмчилгээ зөвлүүлж, хийлгэсэн гэхэд хатигны эмчилгээ хийлгээгүй байна гэж багийн эмч нь хэлсэн. Тэгвэл охин минь бөөрний эмчилгээ болон хатигны эмчилгээг тав хоног хийлгэсэн" хэмээв. 

Мөн чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгыг ажлаас нь чөлөөлүүлэхийн төлөө тэмцэнэ гэдгээ С.Мөнхбат илэрхийлж, холбогдох албаныханд албан бичиг хүргүүлэхээр болжээ.