Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Өгөөмөр” захын урд, хойно зам, гарц яаралтай гаргаж өгөхийг шаардав

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны "Өгөөмөр", " Шинэ үе", "Нарт" хотхоны оршин суугчид гэртээ орж, гарч чадахгүй болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Учир нь “Өгөөмөр” зах нийтийн эзэмшлийн зам талбай, гарцыг хаасан нь тус захын хажууд дахин төлөвлөлтөд орсон шинэ хотхонуудын 10,000 орчим оршин суугч гэр рүүгээ чөлөөтэй орж, гарах боломжгүй байдал үүссэн нь тэднийг ийнхүү үзэл бодлоо илэрхийлэхэд хүргэжээ.

"Авто худалдааны “Өгөөмөр” зах нийтийн эзэмшлийн зам талбайг хувийн эзэмшилд шилжүүлж авсан. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан таныг дахин төлөвлөлтөө эргэн харахыг хүсэж байна. Мөн захын хажуугийн замуудыг нээж өгөхийг шаардаж байна" хэмээн “Шинэ үе” хотхоны оршин суугч Х.Оюунчимэг хэлэв.  

“Өгөөмөр"-ийн эргэн тойрны замын түгжрэл улам ихэссэн тул гэртээ орох гэж 4-5 цаг явж байна

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2015 онд Баянзүрх дүүргийн Газрын албанаас “Өгөөмөр” авто худалдааны төвийн ард зам тавихаар төлөвлөсөн тул оршин суугчдын дэмжлэгтэйгээр тус ажил явагдана гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлжээ. Тиймээс тус хотхоныхныг хашаагаа буулгаж өгөхийг хүсэж, Нарны замтай холбож өгнө хэмээн хашааг буулгуулаад бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байж.  

Гэтэл иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах боломж алдагдаж, эмнэлгийн тусламж авах ч замгүй болж эхэлсэн талаар өөр нэгэн оршин суугч ярилаа. Мөн “Нарантуул” захын ард тавьж эхлээд дутуу хаясан зам нь өнөөдөр мухар зам болжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас газар дээр нь ирж ажиллана гээд сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Ийнхүү хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор “Өгөөмөр” захын эргэн тойрны замын түгжрэл улам ихсэж, оршин суугчид байр руу гаа орох гэж 4-5 цаг явж буй талаар тэрбээр нэмж хэлэв. 

Иймд яаралтай арга хэмжээ авч “Өгөөмөр” захын урд, хойно зам, гарц гаргаж өгөхийг шаардлаа.

“Өгөөмөр” хотхоны СӨХ-ны дарга н.Баттулга “Манай байр 2017 онд ашиглалтад орсон. Өнөөдөр байрны урд талын хотхоны зам төв зам болчихлоо. Өдрийн цагаар битүү түгжрээтэй байдаг тул гэр рүүгээ орж, гарч чаддаггүй. Зах руу орж байгаа болон засвар үйлчилгээ эрхэлдэг хүмүүс машинаа тавьчихаад хөдөлгөдөггүй.

Дээрээс нь захын хажууд хүний биед хортой тос, масло, аккумлятор ил задгай борлуулж, асгаж байгаа нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлаар бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хандсан бөгөөд хариу хүлээж сууна. Дээрээс нь захын эргэн тойронд байнгын архидалт байдаг.  "Өгөөмөр" захын хугацааг сунгахдаа манай байрны баруун талыг тэр чигээр нь өмчлүүлчихсэн. Хороолол дундах нийтийн эзэмшлийн замыг чөлөөлж өгөх ёстой. 

Шадар сайд аа, энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. "Өгөөмөр" захын зам, одоо ашигладаг эвдэрчихсэн замыг хаахаас өөр аргагүй. Хороолол доторх нийтийн эзэмшлийн замыг нээж өгөхийг оршин суугчид шаардаж байна” гэлээ.