ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Гончигдорж гишүүн цагаан сараар 5 хоног амрах санал гаргасан ч "унав"

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд санаачилсан.

Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар бүх нийтээр амардаг 10 өдөр байгаа нь нэгээр нэмэгдэх юм, цаашдаа үндэсний уламжлалтай холбоотойгоос бусад амралтын өдрийг цөөрүүлэх чиглэлээр бодолцож үзэх нь зүйтэй юм” гэсэн хариулт өгөв. 

Харин Р.Гончигдорж гишүүн цагаан сарын баярынхаа утга учрыг сайн бодож цогцоор нь харвал амралтын өдрийг нэгээр нэмэх биш бүр гурваар нэмж, нийтдээ таван өдөр амардаг болгох нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд үндэсний ёс уламжлалаа сэргээн хөгжүүлэхэд чухал юм гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй тул саналаа татлаа.

Ингээд гишүүдийн дийлэнх нь Цагаан сараар гурав хоног амрах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.