Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мазаалайн тухай 14 БАРИМТ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэмжээнд хамгийн ховорт тооцогдох том биетэй хөхтөн амьтны нэг нь яахын аргагүй говь цөлийн хэт гандуу нөхцөлд амьдардаг баавгай буюу Мазаалай юм.

Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж.

Судлаачдын хамгийн сүүлийн үеийн баримтаар 2018 онд Мазаалайн тоо толгой ердөө 36 байгаа юм.

Гэвч энэхүү өхөөрдөм ховор баавгайн тухай бид тийм ч ихийг мэддэггүй. 

Сүүлийн үед автомат камер ашиглан нэн ховор энэ амьтны тухай илүү ихийг мэдэх боломжтой болжээ. 

МУИС-ийн Биоллогийн тэмхимийн профессор Р.Самъяа болон ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох, судлаач Ральф Хотцы нар автомат камерын тусламжтай фото мэдээлэл цуглуулж, 2013 оноос хойш биечлэн хийж буй судалгааг нэгтгэн "Мазаалай" номыг 2019 онд хэвлүүлжээ.

"Мазаалай" номд өгүүлсэн Мазаалай баавгайн тухай баримтуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харжээ.

2. Мазаалай Алтайн өвөр говь цөлийн Цагаанбогд, Шар хустын нуруу, Атас, Ингэс уулс зэрэг газрыг дамнан өөр хоорондоо уудам говиор зааглагдан гурван үндсэн байршилд амьдардаг.

3.  Эр Мазаалайг Шармаахай, харин эм Мазаалайг Эвш гэж нэрлэдэг бол төлийг нь Аламцаг гэж нэрлэдэг.

4. Мазаалайн тавхай хүрэн баавгайнхаас харьцангуй жижиг, хумс шулуун, урт, цайвар өнгөтэй. Нас бие гүйцсэн эр Мазаалайн хойд тавхайн урт 23.5 сантиметр хүрдэг. Мөн хойд хөлний тавхайн дунд хэсэг дотор талаасаа хонхойж ховил үүссэн байх ба түүндээ цөөн тооны бараан үстэй аж.

5. Эвш буюу эм мазаалай нь цээжиндээ хос хөхтэй бөгөөд аламцгаа хөхүүлэх үедээ дээш харан хэвтдэг байна.

6. Мазаалай бол элдэв идэшт амьтан. Гэхдээ идэш тэжээлийн ихэнх хувийг нь ургамал эзлэх бөгөөд түүний дотор бажууны үндэс, хармаг, махирсын жимс, зэгс, зээргэнэ, хависгана, регелийн шар модны навч, намхан гишүүний үндэс, найлзуур зонхилно.

7. Зуны улиралд үе үе элбэгших нөрмөг, царцаа, голио зэрэг шавьж болон амьтдын сэгээр хооллох нь бий. Иймд байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг аж.

8. Мазаалай байршдаг газар 20-30 сантиметр орчим гүнзгий ухсан ором байх нь элбэг. Тэр нь Мазаалай бажууны үндэс ухаж идсэн ул мөр юм.

9. Мазаалай зуны халуун өдрийг хадны сүүдэр, хонгил, өтгөн өвс, шагшуурган дотор хэвтэж өнгөрөөдөг бөгөөд зуны ид халуун үед мазаалай уст цэгийн орчим тогтвортой байршдаг. Гэвч зарим зун булгийн ус хатах учир Мазаалайд таагүй нөхцөл байдал үүсдэг байна.

10. Мазаалайн араг ясны олдвор нэн ховор. Цуглуулгад байгаа цөөн мазаалайн толгойн яс хүрэн баавгайнаас хэмжээний хувьд жижиг, хоан /ясан тагнайн арын сэтэрхий/ өргөн, харин шүдний хэмжээ ойролцоо байдаг байна.

11. Мазаалайн намар 11 дүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ичдэг. Харин ичээндээ хатсан өвс, мөчир ашиглан зузаан хэвтэр засдаг байна.

12. Аламцагтай эвш багахан орон зайд харьцангуй тогтвортой байж ойрхон уст цэгүүдийг дамжин амьдардаг бол Шармаахай уудам орон зайд шилжин амьдардаг.

13. Судалгаагаар авшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат, шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрэх бөгөөд бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг аж.

14. Зэрлэг тэмээ буюу Хавтгай дэлхийн хэмжээнд зөвхөн мазаалайн байдаг бүс нутагт зэрэгцэн амьдардаг байна.


Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. 1967 оноос хойш зарим судлаачын хийсэн судалгаанаас үзэхэд Мазаалайн тоо толгой хагас зуун жилийн өмнө ч  50-с хэтрээгүй байгаа юм.

Тухайлбал, 1960-аад оноос Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн Мазаалайг судалж, тоолж ирсэн түүхтэй.

1967 онд Академич А.Болд нарын хүмүүс Мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25 толгой мазаалай байсан гэх дүгнэсэн байдаг. Үүнээс хойш маш олон эрдэмтэд судалгаа хийсэн ч тоо толгой нь 50-с хэтэрсэн гэх баримт одоогоор байхгүй байна.

Хамгийн сүүлд 2018 онд Самьяа болон Баттогтох нарын судалгааны баг автомат камер ашиглан 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чаджээ.

Тиймээс энэхүү нэн ховор зүйлийн амьтныг бид зайлшгүй хайрлаж, хамгаалах нь чухал байна.