Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний хүнсний аюулгүй байдалд УЛААН ГЭРЭЛ ассан уу?

ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Солонгос хүмүүс өдөр тутамдаа “Сайн уу” гэж мэндлэхийн оронд “Хоолоо идсэн үү” гэж асуудаг.
 
Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд тавьж байгаа анхаарал халамж гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хоолоо сайн идээд эрч хүчтэй, эрүүл саруул байна шүү гэсэн үг. Хоолоороо дамжуулаад эрдэс бодис шим тэжээл авч элдэв өвчнөөс урдчилан сэргийлж, бас өвчнөө анагаахад хүртэл хоол хүнсээр дамжуулан тухайн өвчний эсрэг зүйлсийг идэж хэрэглэдэг. Хоол хүнсийг хамгаас чухалд тавьдаг Солонгос оронд хүнс, шим тэжээлийн чиглэлээр суралцаж байгаа судлаачийн хувьд өөрийн өчүүхэн мэдлэг туршлага дээрээ тулгуулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
 
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп манай Ерөнхийлөгчид хандан Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа алдаж байгааг анхааруулсан гэх мэдээг олж уншлаа. Монгол Улсын хүнсий аюулгүй байдал өөр улс орны төрийн тэргүүн санаа зовох түвшинд очсон уу? Тэгвэл бид одоо юу идэж байгаа вэ? Цаашид юу идэх ёстой вэ?

Юу идэх вэ гэж үү?

Хоол хүнс хаа сайгүй бий. Амттай хоолонд дургүй хүн хаана байх билээ. Шарсан тахиа, пицца, мөхөөлдөс гээд харах байтугай бодонгуут арааны шүүс асгарам хоол энэ ертөнцөд түм бумаараа.
 
Аз болоход хоол хүнсний асуудал ч гэсэн даяаршлын нэг хэсэг нь юм. Бидний идэж ууж байгаа зүйл Сөүлийн Каннам дүүргийн, эсвэл Нью-Йоркийн Манхеттанд амьдарч байгаа нэгэн айлынхтай айхтар ялгаа байхгүй. Хүсвэл тэдний идэж ууж байгаа хүнсийг Улаанбаатар хотын захын нэг супер маркетаас ороод цуглуулах боломжтой болсон цаг үед бид амьдарч байна. Амьдралын хэв маягийн хувьд ч бас суурин, суугаа хэвшмэл гэсэн хэдэн үгээр тодорхойлогдох тийм нэг нийтлэг амьдралтай хүмүүс дэлхий даяар нэг бий. 
 
Тэгвэл хоол ундны глобалчлалын сайн муугийн талаар ярилцъя. Бид өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэж байна вэ? 
 
Бидний идэж ууж байгаа хоолны үндсэн орц нь мах, сүү, гурилд суурилсан болохоор манай улс ерөнхийдөө өрнөдийн хэв маягтай хоолны соёлтой орнуудын эгнээнд орсон гэж хэлж болно. Өрнөдийн хэв маягтай хоолны хамгийн том асуудлын нэг бол ИЛҮҮДЭЛ ЖИН.
 
Хүүхдийн илүүдэл жингийн асуудлыг жишээ болгон авч үзье.
 
Монголын бага ангийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар нийт сурагчдын 22.2% нь илүүдэл жинтэй байна гэсэн дүн гарчээ. Энэ нь БНСУ-аас 12.2, АНУ-аас 4.2 хувиар илүү байгаа юм. Гэтэл нөгөө талд өсөлтийн хоцрогдолтой хүүхэд 7.3%, шим тэжээлийн дутагдалтай 2.8%, ингээд нийт хүүхдийн 32.3 хувь нь буюу ойролцоогоор 3 хүүхдийн 1 нь шим тэжээлийн асуудалтай байна гэсэн сэтгэл эмзэглэмээр дүн мэдээ гарсан байх юм.

Илүүдэл жин ба нүүрс ус

 

Америк улс хүүхдийн илүүдэл жингийн асуудлыг шийдвэрлэхээр маш олон санал санаачилга, хөтөлбөр боловсруулан тэмцэж байна. Учир нь хүүхдийн илүүдэл жин бол насанд хүрсэн хойноо, ер нь насан туршдаа бодисын солилцооны эмгэгтэй хүн болж төлөвших өндөр эрсдлийг дагуулж байдаг. Ялангуяа, таргалалт бол чихрийн шижин өвчний нөгөө нэг нэр. Илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн хувьд 50 насандаа 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй болж, 60 насандаа зүрхний шигдээс тусдаг бол 10 настай илүүдэл жинтэй хүүхдийн хувь заяа ямар байх нь бодохоос ч зүрх шимширмээр.

Өрнөдийн хоолны хэв маяг нь маш их улаан мах, цагаан гурил, ургамлын тос, элсэн чихэр, багахан хэмжээний жимс ногоо, бүхэл үрийн гурил агуулдаг.
 
Хямд бөгөөд хаа саагүй элбэг дэлбэг, мөн сайхан амттай эдгээр зүйлс нь давс, чихэр, өөх тос буюу хүний байгалаасаа дуралдаг ам болох гурван цагаан хорын эх үүсвэр болдог. Бидний энэ чанарыг маш овжноор ашигласан хүнсний бизнес эрхлэгчид мянга мянган хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсээр байна. Бид түүхийн ямар ч цаг үеэс илүү боловсруулсан хүнс(processed food)-ийг өдгөө асар ихээр хэрэглэж байгаа бөгөөд нийт хүнсний хэрэглээний 60 хувийг ийм төрлийн бүтээгдэхүүн эзэлж хүнс үйлдвэрлэгчдийн түрийвчийг түнтийлгэсээр. Боловсруулсан хүнс их хэрэглэх тусам эрүүл мэндийн асуудал улам хүндэрдэг талаар эрдэмтэд сануулдаг.
 
Тэгвэл найрлагандаа ямар хор агуулсан болоод хүний эрүүл мэндэд хохирол учруулаад байдаг талаар тайлбарлахын тулд энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар өгүүлье.  

Талх

 

Бидний өдөр тутам иддэг талхыг жишээ болгон авч үзье. Талх бол монголчуудын өдөр тутмын амьдралын гүнд орж ирсэн өрнөдийн хоолны соёлын нэг хэсэг. Талхны гол найрлага бол гурил. Эрт дээр үед жинхэнэ талхыг ямар гурилаар хийдэг байсныг төсөөлцгөөе.

Технологи хөгжөөгүйн буянаар тэд арвай буудайгаа чулуун тээрмээр гар аргаар тээрэмддэг байсан нь бүхэл үрийн гурилаар барьсан талх идэх гайхалтай боломжийг хүмүүст олгож байжээ. Будааны хальс болох хивэг, үр болох соёог ялгаж цэвэрлэх машин тэдэнд байсангүй тул бүхлээр нь бүгдийг нь иддэг байж. Гэхдээ тийм талх бол хатуу, аргуу байдаг. Харин XIX зууны сүүлээр гурилын автомат төхөөрөмж бүтээгдсэнээр зөвхөн дээдсийн хүрээлэнгийн хэрэглээ байсан цагаан гурилын зөөлөн талх жирийн хүмүүсийн хэрэглээнд хүч түрэн орж ирсэн гэдэг. Ингээд хүний биед хамгийн тэжээлтэй, витаминаар баялаг хивэг, соёо нь малын тэжээл болж, үр тарианы зөвхөн глюкозын найрлагыг бид хэрэглэх болсноор эрүүл мэндийн олон асуудлыг дагуулсан. Цагаан гурил бидний биед орж ирснээр их хэмжээний нүүрс усыг ялгаруулдаг. Энэ үед их хэмжээний чихэр цусанд нэвчин бидэнд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг. Бидний тархи чихрэнд хорхойсож, глюкозоор амьдардаг. Цагаан будаа, шарсан төмс, цагаан гурил зэрэг глюкозын найрлагатай юу ч идсэн бид чихэр идэж байгаагаас ялгаагүй гэсэн үг.
Инээдтэй бас эмгэнэлтэй биш гэж үү, үр тарианд байсан витаминыг авч хаяад эргээд витамины найрлага нэмнэ гэхээр? 
Үйлдвэрлэгчийн хувьд цагаан гурил нь хадгалалт удаантай, хивэг, соёо шиг амт нь амархан өөрчлөгддөггүй учраас ашигтай. Гурилнаас бүх тэжээллэг зүйлийг нь ялгаж авсан болохоор удаан хадгалалттай болж байгаа юм. Ингээд цагаан гурилд үлдсэн зүйл нь цардуул, уураг.
 
XX зууны эхээр В,С витамины дутагдлаас үүдэх эмгэг өвчнүүд асар их тархаж хүмүүс үүний учрыг олохгүй нэг хэсэгтээ төөрч будилсан. Гэтэл тэдэнд тэжээллэг хоол хүнс идүүлэхэд өвчин нь илааршиж байсан учраас витамины хэрэглээ дэлгэрсэн гэдэг. Харин хүнсний үйлдвэрүүдэд шинэ сайхан боломж нээгдлээ. Витаминаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний эрин зуун ингэж эхэлсэн юм. Байгалийн витаминыг нь ялгаж авсны дараа витаминуудыг дахин талхны найрлаганд нэмэлтээр оруулсан тийм бүтээгдэхүүн зах зээлд эрэлт хэрэгцээтэй болсон. Инээдтэй бас эмгэнэлтэй биш гэж үү, үр тарианд байсан витаминыг авч хаяад эргээд витамины найрлага нэмнэ гэхээр?  

Чихэр

 

Өрнөдийн хоолонд үүнээс илүү ноцтой асуудал байгаа нь сахарын хэрэглээ.

Бид 200 жилийн өмнө хэрэглэж байснаасаа 1,000 дахин илүү сахарыг өдөр тутамдаа хэрэглэж байна. Таргалалт, чихрийн шижин өвчний хамгийн хамааралтай болох нэг зүйл бол чихэртэй ундаа. Чихэр бол маш өндөр калоритой, түүнийхээ хэрээр бодисын солилцоонд хүчтэй нөлөөлж байдаг. Бидний биед глюкоз ороод цусанд нэвчихэд сахарыг хэвийн хэмжээнд барих гармони нойр булчирхайнаас ялгардаг. Энэ бол инсулин. Сахарыг өндөр тунгаар байнга хэрэглэвэл нойр булчирхайн үйл ажиллагаа хямарч, цусан дахь сахарын хэмжээг хянах чадвараа алдана. Энэ бол 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин юм.
 
Бидний хүүхдүүддээ амттай сайхнаар нь дуудаж байгаад авч өгөөд байгаа бургер, чипс, шарсан төмс, пица, ундаа энэ бүгд л бодисын солилцооны эмгэг өвчин, зүрх, судас, чихрийн шижингийн суурийг тавьж байна.

Өөх, тос

 

Өөх тосны талаар ярилцъя. 30-аад жилийн өмнөөс дэлхий даяар өөх тосыг хоол хүнснээсээ халах хөдөлгөөн өрнөж эхэлсэн байдаг. Энэ ч бас өрнөдөөс гаралтай. Үүний эхлэл нь 50-аад онд Миннесотагийн сэтгэл судлаач Ансел Кийс (Ancel Banjamin Keys) биохимич эхнэр Маргаретийн хамт долоон оронд судалгаа хийж, өөх тосны хэрэглээ нь зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоосон.

Бидний хэрэглэдэг өөх тосыг ханасан болон ханаагүй гэж хоёр ангилдаг. Ханасан өөх тосонд амьтны гаралтай бүх өөх тос орох ба эдгээр нь тасалгааны температурт хатуу хэлбэртэй байдаг. Харин ханаагүй өөх тос нь тасалгааны температурт ч шингэн хэлбэрээ хадгалдаг. Ансел Кийсийн судалгааны дүнг АНУ-ын Засгийн газраас хүлээн авч “ханасан тосны хэрэглээг 30-40 хувиар бууруулах” гэсэн хүн амын хүнсний зорилтот хөтөлбөрийг 1977 онд баталсан юм. Хүнсний үйлдвэрийн салбарт дахин шинэ боломж ирсэн нь өөх тос багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл байлаа. Ингээд хүн төрөлхтний эрүүл мэндийн дайсан МАРГАРИН-ы хэрэглээг дэмжих бодлого эхэлж, тэр бүтээгдэхүүн бүх өөх тосыг орлох болсноор аюулын харанга алсаас сонсогдож эхэлсэн гэдэг.
 
Маргарин яагаад аюултай вэ? Маргариныг ургамлын тосоор хийнэ. Хүнсний бүтээгдэхүүний найрлаганд хэзээ ч транс тос гэдэг нэрээрээ ордоггүй. Маргарин, ургамлын гаралтай масло, устөрөгчжүүлсэн масло зэргээр тэмдэглэгдсэн байдаг. Ургамлын тос нь мал амьтны гаралтай ханасан тосноос эрүүл тосонд тооцогдох тул маргариныг ч мөн ялгаагүй сайн хүнс хэмээн үзэх болжээ. Ханаагүй өөх тос учраас цусан дахь хлостериныг бууруулна гэж бас тооцоолсон байдаг. 
 
Ургамлын тосыг цөцгийн тосны хэлбэрт оруулахын тулд устөрөгчтэй нэгдэлжүүлэх шаардлагатай болно. Тодорхой хэмжээний даралт, температурт устөрөгчийн хийгээр тос руу үлээлгэн ханаагүй тос болох ургамлын тосноос масло хэлбэртэй маргариныг гарган авна. Энэ явцад ханаагүй өөх тосны зарим хэсэг нь транс тос болон хувирна. Транс тос нь цөцгийн тосноос илүү хадгалалт сайн даах бөгөөд үнэ өртөг хямд. Энэ тосыг чанах, хайрах, хуурах зэрэг боловсруулсан хүнсний үйлдвэрлэлд маш ихээр хэрэглэх болжээ. 
 
Хэдэн арван жилийн туршид маргарины төрлийн транс өөх тосыг ханасан өөх тосыг орлох сайн бүтээгдэхүүн хэмээн сурталчилж ирсэн бол дөнгөж 90-ээд онд л эрдэмтэд транс тосны хор уршгийг олж илрүүлсэн байдаг. Маргарин хэрэглэсэн хүмүүсийн дунд зүрх судас болон чихрийн шижингийн өвчлөл өндөр байсан юм. Хүний биед нэг орсон бол буцаж бараг гардаггүй энэхүү тос нь судасны хананд наалдсанаар судас нарийсах, даралт ихсэх хортой үр дагавартай. Монголд энэ тосны хэрэглээнд ямар нэг хязгаарлалт тавихгүй, хүмүүс ч хор уршгийг нь ойлгож мэдэхгүй байна. Боов, боорцог, талхны найрлаганд маргарин ороогүй байх нь өдрийн од шиг цөөхөн. 
 
2001 онд Харвардын Нийгмийн эрүүл мэнд судлалын тэнхимээс нэгэн нийтлэлийг хэвлүүлсэн байдаг. Уг нийтлэлд өөх тосны хэрэглээг багасгах компанит ажил нь шинжлэх ухаанч биш байсныг онцлоод, энэ тос нь эрүүл мэндэд хор уршиг авчирч болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Нийтийн эрүүл мэндийн төлөөх компанит ажил нь эсрэгээрээ хор уршигтай үр дүнг авчирсан нь эмгэнэлтэй.  Энэ бол барууны нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан маш том алдаа байсан юм. Гэтэл манай улсад энэ алдааг өөрийн ард түмэн дээр туршсаар байна.

Эслэг

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэгвэл бид юу идэж уух ёстой вэ? Таны эрүүл мэндийг хамгаалах юм шиг “Баяжуулсан", "Нэмэгдэл", "Хамгаална", "Эрүүлжүүлнэ", "Сайжруулсан” гэсэн шошго хаягтай зүйлүүдээс болгоомжил гэж хэлье. Тэр хайрцаг, боодолны цаана юу нуугдаж байгааг талхны жишээнээс ойлгосон байх гэж найдъя. Харин хамгийн чимээгүй, даруухан, элдэв эрээн мяраан баглаа боодолгүй жимс, ногоо хамгийн эрүүл хүнс байх вий.

Ургамал, ногоо их хэрэглэ. Учир нь ургамал ногоонд эслэг ихээр агуулагддаг. Эслэг нь өтгөн хаталтыг бууруулж, хоолны шингэцийг нэмэгдүүлнэ.
 
Эслэг нь тосны хүчил гэдэг нэгдлийг бий болгосноор бүдүүн гэдсэн дэх бактеруудыг тэтгэж, бактерийг тэсвэртэй болгодог. Эслэгийг ихээр хэрэглэвэл түүнийг тосны хүчил болгон хувиргадаг бактеруудын тоо ихэснэ. Энэ бактерууд бүдүүн гэдэсний эрүүл байдлыг хангаж, хавдраас сэргийлнэ. Эслэг бага байх юм бол бактерууд хортой нэгдлийг бий болгож, хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.  

Бид өөрсдийн төлөө хоол иддэггүй, биен дотор байгаа триллион нянгийн төлөө хоол иддэг. Микробиом гэж нэрлэгдэх биеийн доторх түм буман нянгууд л хоол хүнс болон эрүүл мэндийн хоорондох холбоосыг бий болгодог.

Одоо бид ухаалгаар хоол хүнсээ сонгон хэрэглэж сайн бактеруудыг тэтгэн, мууг нь биеэсээ гадагшлуулах ажил л үлдлээ. 

О.Отгонбаяр
БНСУ-ын Ёнсэйгийн Их Сургуулийн 
Хүнс, шим тэжээлийн тэнхимийн магистрантур