Уншиж байна ...

АНУ-д сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа цаазын ялтныг буудан хороов

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 44 минут
iKon.MN
Зураг зураг

Хүн амины хэрэг үйлдсэн Өмнөд Каролина мужийн иргэний цаазын ялыг Баасан гарагт гүйцэтгэхдээ буудан хороох арга хэрэглэсэн нь АНУ-ын сүүлийн 15 жилийн түүхэнд гарсан анхны ийм тохиолдол болжээ.

Шоронгийн гурван ажилтан сайн дурын үндсэн дээр жинхэнэ сумтай буу ашиглан 67 настай ялтан Брэд Сигмоныг тухайн өдрийн орой 6:08 цагийн үед цаазалсан байна.

Сигмон 2001 онд Гринвил дүүрэгт амьдардаг хуучин найз бүсгүйгээ хулгайлах гэж оролдох үеэрээ эцэг, эхийнх нь амь насыг бэйсболын цохиураар хөнөөж байжээ.

Амралтын өдрийг экс найз бүсгүйтэйгээ романтик байдлаар өнгөрөөсний дараа түүнийг болон өөрийгөө хөнөөхөөр төлөвлөсөн байснаа Сигмон сүүлд цагдаа нарт мэдүүлсэн юм.

Өмгөөлөгчдийнх нь мэдээлснээр тэр цахилгаан сандалд суух, үхлийн тарилга шахуулах хоёр аргаас айж байсан тул буудуулах аргыг сонгосон байна.

Баасан гарагийн орой түүнд цээжин дээр нь цагаан бай зурсан, толгойг нь битүүлсэн хар цамцыг өмсгөжээ.

Зэвсэглэсэн шоронгийн ажилтнууд ялтнаас 4.6 метрийн зайд буюу сагсан бөмбөгийн талбайн гурван онооны шидэлтийн шугамын хэмжээтэй зайд зогссон байна.

Өрөөний нэг талд цахилгаан сандал байрлаж, үхлийн тарилга шахах зориулалттай орыг хураасан байжээ.

Ял гүйцэтгэгчид хананд гаргасан нүхээр нэгэн зэрэг буудсан байна.

Цаазын өрөөнөөс сум нэвтэрдэггүй шилээр тусгаарлагдсан хэсэгт арав орчим гэрч ажиглаж байжээ.

Цаазын ял гүйцэтгэгчдийг гэрчүүдэд харагдуулахгүй байхаар зохион байгуулсан байна.

Сигмоныг сандалд суулгаж, бэлэн болсноос хойш хоёр минутын дараа буун дуу гарсныг гэрчүүд мэдээлжээ.

Үүнээс хойш нэг минут орчмын дараа эмч Сигмоны амьсгалыг 90 секундийн турш шалгаад үхсэнийг нь зарласан байна.

Цаазын ялтныг буудан хороох арга өнгөрсөн зуунд дэлхий даяар өргөн хэрэглэгддэг байсан.

Харин АНУ-д 1977 оноос хойш гуравхан тохиолдолд ийм арга хэрэглэж байжээ. Эдгээр нь бүгд Юта мужид хэрэгжсэн бөгөөд хамгийн сүүлийнхийг 2010 онд Ронни Ли Гарднер хэмээх ялтанд хэрэглэж байв.

Баасан гарагт Сигмоны хоригдож байсан шоронгийн гадна цаазын ялыг эсэргүүцэгчид цугларсан байжээ.

Тэд “Бүх амь нас үнэ цэнтэй”, “Цаазыг хүмүүст биш, шударга ёсыг тогтооход хэрэглэ” гэх мэт уриа бүхий самбар барьсан байв.

Сигмоныг дэмжигчид болон өмгөөлөгчид цаазын ялыг нь бүх насаар хорих ялаар солихыг Өмнөд Каролина мужийн захирагч Хенри Макмастераас шаардаж байсан юм.

1976 онд АНУ-д цаазын ялыг сэргээснээс хойш тус мужид нийт 46 ялтан цаазлуулсан бөгөөд ганц ч захирагч тэдэнд өршөөл үзүүлж байгаагүй юм байна.

Ялтнуудын долоо нь цахилгаан сандал дээр, 39 нь үхлийн тарилгаар цаазлуулж байжээ.

2000-аад оны үед Өмнөд Каролина муж жилд дунджаар гурван ялтан цаазалж, энэ үзүүлэлтээрээ АНУ-ын бусад мужуудыг тэргүүлдэг байв.

Харин дараа нь үхлийн тарилга олж авахад хүндрэлтэй болсны улмаас сүүлийн 13 жил завсарлаад байжээ.

Мужийн дээд шүүх өнгөрсөн оны долдугаар сард цаазын ялын гүйцэтгэлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаас хойш дөрвөн хүнийг цаазалсны сүүлийнх нь Сигмон болж байна.

Одоо Өмнөд Каролина мужийн шоронд цаазын ялаа 28 хүн хүлээж байгаа.

13 жилийн өмнө гүйцэтгэлийг түдгэлзүүлэх үед 60 ялтан хоригдож байсны зарим нь ялаа хөнгөлүүлж, зарим нь шоронд нас баржээ.

 

Эх сурвалж: Associated Press