Уншиж байна ...

Газын зурвасыг сэргээн босгох Арабын орнуудын төлөвлөгөөг Европын гүрнүүд дэмжлээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 10 минут
iKon.MN
Зураг зураг

15 сарын турш Израилийн армид бөмбөгдүүлж сүйрсэн палестинчуудын нутаг Газын зурвасыг Арабын орнууд $53 тэрбумаар сэргээн босгох санал гаргасан юм.

Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас нэг төлөвлөгөө гаргасан нь дэлхийн олон орны эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Трампын төлөвлөгөөнөөс ялгаатай нь Арабын орнууд палестинчуудыг газар нутгаас нь нүүлгэхгүй юм.

Тэгвэл өчигдөр Франц, Герман, Итали, Их Британи улсуудын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Арабын орнуудын боловсруулсан төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Төлөвлөгөө нь Газын зурвасыг сэргээн босгох бодитой замыг харуулж байгаа бөгөөд хэрэгжвэл палестинчуудын гамшигт нөхцөл байдлыг хурдан бөгөөд тогтвортой сайжруулахаар байна” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Бас Хамас зэвсэгт байгууллага дахин Газын зурваст засаглахгүй, Израиль улсад аюул занал учруулахгүйг байх нөхцөлийг сайшааж, Палестины албан ёсны засаг захиргааг дэмжиж ажиллахаа дээрх дөрвөн улс мэдэгджээ.

Египет улс дээрх төлөвлөгөөг боловсруулснаа энэ сард Кайр хотод зохион байгуулагдсан Арабын Лигийн дээд хэмжээний уулзалтад танилцуулж, дэмжлэг авсан юм.

Өчигдөр өглөө Саудын Арабын Жедда хотод шуурхай хуралдсан 57 гишүүнтэй Исламын Хамтын Ажиллагааны Байгууллага (OIC) бас дээрх төлөвлөгөөг дэмжжээ. Энэ байгууллага нь дэлхийн бүх исламын шашинт орнуудыг багтаадаг.

Арабын орнуудын санал нь түр арга хэмжээ, сэргээн босголт, засаглал гэсэн гурван шатаас бүрдсэн байна.

Эхний шат нь зургаан сар, дараагийн хоёр шат нь нийтдээ 4-5 жилийн хугацаанд хэрэгжих гэнэ.

Гэвч энэ төлөвлөгөө АНУ болон Израилийн эрх баригчдын санаанд нийцэхгүй байгаа нь харагдаж эхэлжээ.

Пүрэв гарагт АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “санасан хэмжээнд хүрсэнгүй” гэж төлөвлөгөөг шүүмжилсэн байна.

Харин Трампын Ойрх Дорнод хариуцсан тусгай элч Стив Виткоф “Египетчүүдийн сайн санааны эхний алхам” гэж үнэлсэн нь хамгийн эергээр хүлээж авсан хэрэг байлаа.

 

Эх сурвалж: Aljazeera