Уншиж байна ...

Палестиныг дэмжигчид Шотланд дахь Трампын гольф клубийг сүйтгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

Палестиныг дэмжигч хөдөлгөөний идэвхтнүүд Шотландад байдаг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшлийн гольф клубийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэжээ.

“Palestine Action” бүлэг өөрийн сошиал хуудсанд Турнбэрри клубийн нэг барилга дээр улаан будгаар “Газыг зарахгүй” гэсэн утгатай бичиг бичсэн, бас нэг хэсэг талбайн газрыг ухаж сэндийчсэнийг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн байна.

Шотландын цагдаагийн байгууллага хорлон сүйтгэсэн үйлдлийг мөрдөн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

зураг
 

Газын зурвасаас палестинчуудыг бүрмөсөн нүүлгэн шилжүүлж, аялал, жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх Трампын санааг дэлхий даяар эсэргүүцэж байгаа.

Трамп энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн сард Израилийн ерөнхий сайдтай Цагаан ордонд уулзах үеэрээ танилцуулсан юм.

Палестинчуудыг хөрш улс орнуудад шилжүүлэн нутагшуулах Трампын санааг Арабын орнууд дуу нэгтэй эсэргүүцэж байгаа.

зураг
 

Шотландын Турнбэрри нь дэлхийн шилдэг таван гольф клубийн нэгд тооцогддог.

Тус клубт нэр хүндтэй “The Open Championship” тэмцээнийг дөрвөн удаа зохион байгуулж байсан түүхтэй. Гэхдээ 2014 онд клубийг Трамп худалдаж авсны дараа тэмцээнийг энд зохион байгуулахаа больсон юм.

Трамп энэ клубийг 2014 онд Дубайд бүртгэлтэй компаниас худалдаж авсныхаа дараа үндсээр нь шинэчлэн өөрчилж байв.

Энэ нь Шотланд дахь Трампын хоёр дахь гольф клуб бөгөөд өмнө нь 2012 онд Абердинд “Trump International Golf Links” клубээ нээж байсан юм.

Тэрбээр Шотландад төрсөн ээжийнхээ дурсгалд зориулан дээрх клубүүдийг нээсэн гэдэг.

“Бид Газын зурвасыг Дональд Трамп өөрийн өмч мэт захиран зарцуулахын эсрэг байна. Үүнийгээ батлахын тулд бид түүний өмч хөрөнгө эсэргүүцлийн үйлдлийн гадна үлдэхгүйг харууллаа. Бид Палестины газар нутаг дахь АНУ-Израилийн колоничлолын эсрэг үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж “Palestine Action” хөдөлгөөн мэдэгджээ.

Trump Turnberry клубийн захиргаа “Энэ бол хүүхдийн гэмээр гэмт хэрэг юм. Гэхдээ энэ нь манай гайхамшигтай багийн бизнест нөлөөлж чадахгүй. Турнбэрри бол үндэсний баялаг бөгөөд гольфын ертөнцөд тансаг, төгс байдлын нэг гэрэлт цамхаг хэвээр байх болно” гэж мэдэгдсэн байна.

2025 оны гуравдугаар сарын 8-ны шөнийн 04:40 цагийн үед гольфын клуб халдлагад өртсөн тухай дуудлага авснаа Шотландын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC