Саяхан Цагаан ордонд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон тэрбумтан Илон Маск хоёрын дунд ширүүн хэрүүл маргаан болсон тухай тэнд байсан гэрч Нью Йорк Таймс сонинд мэдээлжээ.
Холбооны засгийн газрын бүтцийг өөрчлөх, зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн хуралдааны үеэр ийм зөрчил гарсан юм байна.
Тухайн үед Маск өөрийн яамны албан тушаалтнуудаас хэнийг ч халаагүй Рубиог зэмлэсэн гэнэ.
Төрийн департамент 1,500 ажилтнаа халсныг Рубио хариу хэлээд Маскийг “худалч” хэмээн шүүмжилжээ.
Гэсэн ч Маск байр сууринаасаа ухраагүй төдийгүй Рубиог “зурагтаар гарахдаа сайн” боловч удирдах чадвар муутай хэмээн ёжтойгоор шүүмжилснийг эх сурвалж баталсан байна.
Энэ үеэр ерөнхийлөгч Трамп хоёр гараа цээжиндээ эвхээд тэдний маргааныг чимээгүй ажиглан сууж байжээ.
Маргаан ширүүсэх үед Трамп тэдний дундуур орохдоо Рубиог өмөөрсөн гэнэ.
Ингэхдээ Трамп цаг наргүй ажиллаж байгаа Рубиогийн хичээл зүтгэлийг магтаж байжээ.
Энэ үйл явдал Маскийн нөлөөг хязгаарлах хүсэл сонирхол Трампаас ажиглагдаж эхэлсний шинж тэмдэг байж болзошгүй юм.
Холбооны засаг захиргааны зардлыг оновчтой болгох ажлыг хариуцсан Илон Маск маш олон хүнийг ажлаас халж байгаа нь Трампын Бүгд Найрамдах намынхны тэвчээрийг ч барж эхэлсэн гэдэг.
Бүгд Найрамдах намын зарим хууль тогтоогчид Маскийн хэтрүүлсэн үйлдлийн талаар Цагаан ордны эзэнд шууд гомдоллох болсон гэх мэдээлэл бий.
Трампын хувьд одоогоор Маскийн болон засгийн газрын бусад гишүүдийнхээ ажлыг олон нийтийн өмнө байнга магтан ярьж, аль алинд нь тэнцвэртэй хандахыг хичээж байгаа юм.
Эх сурвалж: New York Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!