Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол эмэгтэйн нийтлэг дүр төрхийн талаар баримтуудыг хүргэж байна.
Монгол улсын нийт хүн амын 51 хувь нь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. 2024 онд төрсөн хүүхдийн 48.6 хувь нь эмэгтэй байна.
Монгол эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ юм.
Гуравдугаар сарын 8-ны өдөртэй холбогдуулан сонирхуулахад Сарнай нэртэй 2,370, Март нэртэй 1,002, Цэцэг нэртэй 337, Марта нэртэй 144, Сайхан нэртэй 61, Гоо нэртэй 34 хүн байна.
Монгол эмэгтэйн гэрлэлтийн дундаж нас 27 нас байна.
ХЭҮК-оос мэдээлснээр гэр бүлийн эд хөрөнгийг дийлэнх тохиолдолд эрэгтэйчүүд өмчилдөг ба эмэгтэйчүүд дээр өмчлөл бага байдаг байна.
2021-2023 онд нийт 51,122 гэрлэлт бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12,743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар дөрвөн гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулдаг байна. Сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийг тогтоох, таслах зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ч судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын 2 нь хянах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд бичжээ.
Гэрлэсэн болон огт гэрлээгүй эмэгтэйчүүдийн хувь, насны бүлгээр:
ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд улсын хэмжээнд амаржсан эхийн тоо 20,000-аар багассан байна.
2007 оноос жилд амаржсан эхийн тоо тасралтгүй өссөөр 2014 онд оргилдоо хүрч 82,839 болж байжээ. Түүнээс хойш тогтмол буурч тухайлбал 2020 онд 77,716 эх амаржсан бол сүүлийн таван жилийн дунджаар үзэхэд төрөлтийн тоо 20,000-гаар багассан байна.
2021 онд 71,000 гаруй төрөлт бүртгэгдсэн нь 2020 оныхоос 4,800-аар буурсан, 2024 онд нийт 57,800 хүүхэд төрж, өмнөх оноос 6,600 (10.2%)-гаар буурсан үзүүлэлттэй байна. Судалгаагаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60.3 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл хэрэглэдэг аж.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна. Хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай юм.
Нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин болон хавдар байна.
2025 оны байдлаар нийт суралцагчдын сургуулийн өмнөх боловсролын 49 хувь, ЕБС-ийн 50 хувь, техник мэргэжлийн 35 хувь, их, дээд сургуулийн 61 хувь нь эмэгтэй байна.
2017 онд монгол эмэгтэйчүүдийн дундаж өндрийг 157.7 хэмээн тооцоолж байв. Харин 2024 оны үзүүлэлтийг харвал дундаж өндөр нь 159.89 сантиметр болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, бүсгүйчүүд сүүлийн таван жилд дунджаар хоёр сантиметрээр өссөн байна.
Эмэгтэйчүүдийн таргалалтын түвшин 20.4%-тай байна.
Глазгогийн их сургуулийн судлаачид 2013 онд Монгол эмэгтэйчүүдийн хэдэн зуун зургийг давхарлан тавьж дундаж дүр төрхийг нь дээрх байдлаар гаргажээ.
Монгол эмэгтэйчүүдийн 51.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. 42.3% нь ААН-н удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд байна. 44.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Монгол эмэгтэйн дундаж цалин 2.2 сая төгрөг юм.
ҮСХ-ны Цаг ашиглалтын судалгаагаар Монгол эмэгтэйчүүд хоногт дөрвөн цагийг "цалингүй хөдөлмөрт" зориулдаг байна. Хүүхэд нь өвдсөн үед асрахуйн ажилд зарцуулах эмэгтэйчүүдийн цаг даруй 10 дахин нэмэгддэг аж.
Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг 63.2 хувь хүртэл өсгөвөл Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2050 он гэхэд 16 хувиар өсөх боломжтойг Азийн Хөгжлийн Банкнаас тодорхойлсон байдаг байна.
2022 онд төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн хүмүүсийн 933 нь эрэгтэй, 2,806 нь эмэгтэй байжээ.
2023 онд явуулсан НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх санал өгсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байсан ба үүнийг эмэгтэйчүүд өрхийн санхүүгийн гол оролцогчид, татварын хэмжээ, НӨАТ-ын буцаан олголт тэдний санааг зовоосон асуудал мөн болох нь нотлогдож байна гэж дүгнэжээ.
Банкны салбарт ажиллаж буй 16 мянган хүний 11 мянга буюу 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.
Сонирхуулахад 2023 оны эхний 11 сарын инфляц өсөхөд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний нэг нь эмэгтэйчүүдийн шингэн энгэсэг байв.
Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаач, доктор Элизабет Фоксын 2012 онд "Монгол эмэгтэйчүүдийн хувцаслалт"-ын талаар судалгаа хийжээ.
Тэрбээр "Монгол эмэгтэйчүүд ирээдүйгээ төлөвлөж хувцаслаж байгаа юм биш үү гэдэг санааг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүсгүйчүүдийн ганган хээнцэр хувцаслалт тэдний ирээдүйн дүр. Өндөр амжилттай, орлоготой яваа бүсгүйн дүрээр хувцаслах нь тэдний ирээдүйг өөртөө зөгнөн дуудаж байгаа хэлбэр гэж хэлж болохуйц байсан" гэжээ.
Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй байгаагаараа онцлог байгаа юм. Харин Засгийн газарт гурван эмэгтэй сайд ажиллаж байна. МАН, АН-аас УИХ-д нэр дэвшигчдийн 30% эмэгтэй бол Иргэдийн Оролцооны Нэгдэл Намынх 60% нь эмэгтэй байжээ.
2024 онд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 27.5 хувь нь эмэгтэй, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 28.1 хувь нь эмэгтэй байна.
2024 оны сонгуулийн үр дүнг өмнөх оны мэдээтэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 11.2 хувиар нэмэгдэж сум, дүүргийн түвшинд 1.1 хувийн бууралтыг харуулж байна гэдгийг Жендэрийн Үндэсний Хорооноос мэдээлсэн юм.
Түүхэндээ анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдсон нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа байжээ. 2023 оны мэдээллээр 330 сумын 36 нь эмэгтэй Засаг даргатай байсан байна.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд Монгол эмэгтэй хүний дундаж наслалт есөн жилээр нэмэгдсэн байна. 2025 оны байдлаар Монгол эмэгтэйн дундаж наслалт 76.7 юм.
Монгол эмэгтэй хүн дунджаар 22 жил тэтгэвэр авдаг байна.
Жендэрийн Үндэсний Хороо(ЖҮХ)-ноос эрчүүд болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй дараах 10 асуудлыг нэрлэжээ.
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|