Богд хааны ордон музейн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шинийн наймны Цагаан Дара эх үзэсгэлэн өнөөдөр боллоо.
Тус музейд нэг өдөрт буюу наран мандах цагаас жаргах хүртэл Цагаан дара эх бүтээх уламжлалыг 2013 оноос сэргээсэн бөгөөд Монголын бурхны шашны урлахуйн ухааны хүрээлэнгийн урлаачид цагаан дара эхийг урлаж бүтээдэг.
"Нэг өдрийн цагаан дара эх" үзэсгэлэнд нийт 50 гаруй цагаан дара эх дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд сэртан мартан танка зураг, зээгт наамал, цагаан дара эхийн шуумал дүрүүдийг музейн фондоос үзэгч олонд дэлгэж байгаа юм.
Түүнчлэн "Цагаан дара эхийн бясалгал нь урт наслуулах арга техник юм гэж бурхны шашинтнууд алдаршуулдаг байна. Хүний сайн үйлийн үр, ач буян буурч байвал цаг бусын үхэлд хүргэж болзошгүй саад бэрхшээлээс тулгарч магадгүй юм. Цагаан эхийг бясалгах аргыг мэдсэнээр урт удаан насалж олон буян хураах хүчирхэг аргуудыг одоогоос сурч дадлагажуулж болох" хэмээн Богд хааны ордон музейгээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!