Улс орондоо хууль бус замаар цэргийн дэглэм тогтоох гэж оролдсон шалтгаанаар саатуулагдаад байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг өчигдөр шүүхийн шийдвэрээр суллажээ.
Түүний хэргийг заавал хорьж цагдалгүйгээр үргэлжлүүлэн шалгах боломжтой гэсэн шийдвэрийг Баасан гарагт шүүх гаргасан юм.
52 хоног хоригдсон ерөнхийлөгчийг Сөүлийн Саатуулах Төвөөс гарч ирэхэд дэмжигчид нь баяр хөөртэй угтаж авсан байна.
Бямба гарагийн орой тэр Сөүл хотын төвд орших гэртээ харьжээ.
“Хууль бус үйлдлийг засаж залруулсан шүүхийн эр зориг, тууштай байдалд би талархаж байна” гэж Юн Сүк Ёл сүүлд мэдэгдсэн байна.
Одоо Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх Юн Сүк Ёлыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны орой улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргасныг тус улсын парламент хэдхэн цагийн дараа цуцалж байлаа.
Юн Сүк Ёлыг суллах шийдвэрийг эрх баригч Ардын Хүч нам талархан хүлээж авсан бол сөрөг хүчний Ардчилсан нам эсэргүүцжээ.
Үндсэн Хуулийн Шүүх хоёрдугаар сарын 25-нд Юн Сүк Ёлын хэрэгтэй холбоотой материалуудтай танилцаж дууссан бөгөөд энэ сарын сүүлээр түүнийг огцруулах, эсвэл буцаан томилох эцсийн шийдвэрийг гаргах юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!