Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол нутагт хүн суурьшсан хугацааг 10,000 жилээр урагшлуулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олон улсын археологичдын баг Монгол улсын нутгаас илрүүлсэн чулуун зэвсгүүдийг шинжлээд орчин үеийн хүмүүс энэ нутагт 45,000 орчим жилийн өмнө ирж суурьшсан гэж тогтоожээ.

Монголоос олдсон эртний хүний гавлын ясан дээр үндэслэн эрдэмтдийн өмнө нь тогтоогоод байсан хугацааг шинэ нээлт 10,000 орчим жилээр урагшлуулж байна. Калифорнийн их сургуулийн антропологийн профессор Николас Звинсийн удирдсан баг 2011-ээс 2016 оны хооронд Хангайн нурууны хойд хэсэгт орших Түлбэрийн голын савд малтлага хийсэн юм.

Тэд олон мянган чулуун эд зүйлс олсны дотор 826 нь энд ирж суурьшсан анхны хүмүүсийн бүтээл байжээ. Чулуун зэвсгүүдийн хийц нь Сибирь болон баруун хойд Хятадаас олдсон зэвсгүүдтэй ижил төстэй байсан нь хүн төрөлхтний нүүдэл хэр өргөн хүрээнд явагдсаныг эндээс харж болох ажээ.

 

Чулуун зэвсгийг хийсэн арга технологи нь Неандерталь болон Денисовын хүмүүсийн эзэмшиж чадах зүйл биш гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Орчин үеийн хүмүүс Африк тивээс гарч нүүдэллэснээсээ хойш ойролцоогоор 15,000 жилийн дараа өнөөдрийн Монголын нутагт ирснийг уг нээлт харуулж байгаа юм.

Чулуун зэвсэг олдсон газрын хөрсийг шинжилж үзэхэд тухайн үед цаг уур нь өнөөдрийнхөөс илүү дулаан, чийглэг байсныг тогтоожээ.

Мөн чулуун зэвсгийн нас нь орчин үеийн хүмүүс Денисовын хүмүүстэй анх уулзаж, эвцэлдсэн хугацаатай давхцаж байгаа гэнэ. 

Судалгааны тайлан Scientific Reports онлайн сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгджээ.