Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зам засвар зэргээс шалтгаалж галт тэргээр зорчигчдын тоо 40 хувиар нэмэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар төмөр замын билетийн кассын дараалал өдөр бүр л урт дараалал үүсгэсэн байдаг нь хэвийн үзэгдэл байсаар удав.

Нэг үгээр хэлбэл дэлхий нийтэд техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед хуучинсаг тогтолцоо байсаар байгаа нь гайхшрал төрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор бид УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяагаас дараах асуултанд хариулт авлаа.

 

- Галт тэрэгний нийт тасалбарын эрэлт ямар үед их нэмэгддэг вэ?

- Улаанбаатар хотод Вакзол, Нарантуул, Найманшарга, Хархорин, Драгон гэх мэт байршилд Улаанбаатар төмөр замын  галт тэрэгний тасалбар борлуулах салбар ажиллаж байна. Мөн Замын-Үүд өртөө, Эрээн өртөөнд билетийн касс ажилладаг.

Галт тэрэгний тасалбарын эрэлт хэрэгцээ нь дандаа баярын өмнө л байдаг.

Тухайлбал, Цагаан сарын өмнө нэгдүгээр сар, Улсын баяр наадмын өмнө буюу 6-7 сар, үүнээс гадна хүүхдийн хичээл сургууль эхэлхийн өмнө буюу 8-9 сард галт тэрэгний билетийн эрэлт хэрэгцээ ихсэж, ачаалал эрс нэмэгддэг.

Мөн зуны дэлгэр цаг тохиож буй болохоор хүмүүс амралтын газрууд руу бөөнөөрөө аялж, галт тэргээр зорчих нь элбэг.

Одоогийн байдлаар аль ч салбарт ачаалалтай байна. Манай ашиглалтанд байдаг нийт 276 вагон бүгдээрээ хөдөлгөөнд байна.

Гэхдээ бид ачаалал байдаг үеүддээ зохицуулалт хийгээд сурчихсан.

Харин энэ жил Дарханы авто зам засварт орсноор ачаалал улам нэмэгдсэн.

Мөн аялах зорилгоор Эрдэнэт, Булганы чиглэлд жуулчид их явж байна. Тиймээс энэ сард ачаалал хамгийн их байна гэж хэлж болно.

Бид бололцоотой бүх арга хэмжээг аван ажиллаж байна.

Дарханы зам хаасантай холбоотойгоор ачаалал нь хэр нэмэгдсэн бэ?

- Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварт орсонтой холбогдуулаад Улаанбаатар төмөр зам өдөрт Улаанбаатар-Дарханы чиглэлд нийт дөрвөн гарт тэрэг ажиллуулж байна.

Судалгаанаас харахад өглөө хоёр галт тэрэгнээс гадна 15:20-д хурдан галт тэрэг холбоод 15:20-д Улаанбаатраас хөдлөөд Дарханд 19:54 минутанд очихоор, Сүхбаатарт 21:50 минутанд очихоор байна. 

Мөн олон улсын галт тэрэгний ард вагон холбож явуулж байна. Зорчигч урсгалыг ажиглахад өглөөгүүр хотод ирж байгаа суудлын галт тэрэг их хүнтэй байна.

Бид наймдугаар сарын 10-наас эхлэн дахин Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр хоёр галт тэрэг гаргахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж Эрдэнэт хотод 08:15 цагт очно.

Харин Эрдэнэтээс 21:40 цагт хөдөлж Улаанбаатарт 08:15 цагт ирэх юм. Энэхүү галт тэрэг нь 02:00 цагийн үед Дархан хотоор дайран өнгөрөх бөгөөд өртөө бүр дээр зогсохгүй учраас хурдан галт тэрэг буюу Экспресс галт тэрэг гэсэн нэртэй.

Сайншанд, Замын-Үүд рүү өдөрт нэг нэг галт тэрэг явж байгаа.

Гэтэл Дархан, Сэлэнгэ- Эрдэнэтийн чиглэлд 10-наас эхлээд өдөрт л зургаан галт тэрэг гаргах гэж байна.

Дарханы авто зам нээгдтэл бид үүргээ биелүүлэн энэ тал дээр анхаарч ажиллана.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам хамгийн их ачаалалтай өдрөө 7,000 хүн тээвэрлэдэг байсан. Энэ жил бид хоногтоо л 12,000 хүн тээвэрлэж байна. Энэ нь өмнөх оноос 40 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

Галт тэрэгний тасалбарыг 2 сарын өмнөөс л онлайнаар авах боломжтой байтал иргэд 2 цагийн өмнө ирчихээд л касснаас авах гээд бужигнадаг

- Тасалбар борлуулах цэг буюу Билетийн кассын урт дараалал иргэдийг их бухимдуулдаг. Яагаад энэ буурахгүй байна вэ. Уг нь галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдаалдаг биз дээ?

- Тасалбарыг онлайнаар худалдаалж байгаагаас гадна билетийн кассууд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Одоохондоо кассан дээр оволзоод тийм урт дараалал үүсгээд байгаа юм байхгүй.

Аль нэг газар луу явах, ирэхдээ дурын өртөөнөөс тасалбараа худалдаж авах боломжтой. Хүмүүс билет дамлаж зарж байна гэсэн гомдол Дархан дээр гарсан. Тиймээс бид үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагтай хамтран сарын аян зохион байгуулан ажиллаж байна.

Галт тэрэгт суухад билет дээр бичигдсэн овог нэрийг тулгаж оруулдаг. Харин тасалбар дээрх нэр овог нь зөрөх юм бол тухайн тасалбарыг хүчингүйд тооцож, зорчигч заавал дахин тасалбар худалдаж авах шаардлагатай болдог.

Тиймээс иргэд дахин тасалбар худалдаж авч санхүүгээрээ хохирохгүйн тулд тасалбарыг хүнээс дам худалдаж авахаас зайсхийх хэрэгтэй. Тасалбарын онлайн худалдаа он гараад овоо нэмэгдсэн.

Одоо бол нийт тасалбарын 10 хувь нь л онлайнаар худалдаалагдаж байна. Үлдсэн 90 хувь нь билетийн кассаар худалдаалагдаж байна.

 

- Онлайнаар тасалбарыг захиалах нь яагаад ийм бага байгаа юм бол. Иргэд хэрхэн захиалах талаар ойлголт байхгүй байна уу?

 - Уг нь онлайнаар тасалбар захиалхад иргэдийн хувьд ямар ч хүндрэл бэрхшээл байхгүй.

Харин ч илүү хялбар байх юм. Харин хөгшин настай, ахмад хүмүүс маань заавал кассаар ирж авч байгаа тохиолдол бий.

Манайх өнгөрсөн оноос эхлэн онлайнаар тасалбараа худалдаалж эхэлсэн. Бид нар онлайнаар тасалбараа захиалдаг боллоо гэж сурталчилж, олон ч ажил зохион байгуулсан.

Бүр гар утаснаасаа хүртэл тасалбараа худалдан авах боломж нь нээлттэй байгаа шүү дээ. Анх бол бүр 0.02 хувь л нь тасалбараа онлайнаар худалдан авдаг байсан. Одоо харин 10 хувьд хүрсэн байна.

Үүнээс би манайхан ажлаа урьдчилан төлөвлөхөд их муу байна гэж харж байна. Учир нь галт тэрэгний тасалбарыг хоёр сарын өмнөөс л онлайнаар захиалах боломжтой. Гэтэл ихэнх хүмүүс галт тэрэг хөдлөхийн өмнө л тасалбараа худалдан авахаар ирж, билетийн касс дээр урт дараалал үүсгэн цагаасаа хумслаад байгаа юм.

Манай билетийн кассуудын ачаалал галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнө л эрс нэмэгддэг.

Хэрвээ хүмүүс урьдчилаад онлайнаар тасалбараа авчих юм бол тийм хүндрэл учрахгүй.

- Тэгвэл Рейлбусын тасалбарын захиалгыг яагаад онлайнаар биш өдөр өдөрт нь олгож байна вэ?

- Рейлбус бол нэг төрлийн автобус. Одоо хоногт нэг удаа зогсож техник үйлчилгээнд ордог гэх мэт галт тэрэгнээс ялгаатай зүйл олон. Тийм болохоор бид зөвхөн өдөр өдөрт нь олгодог. Мөн 127 хүн л зорчих зориулалттай  учраас урьдчилан захиалгаар онлайнд тавьдаггүй.

- Тасалбарын үнэ хэвээрээ байгаа юу ?

- Тасалбарын үнэ бол огт нэмэгдээгүй. Төмөр замын зорчигч тээвэр нь үнэхээр алдагдалтай байдаг ч бүх л хүнд хүрч үйлчлэхийг боддог.

- Ойн баяртайгаа холбоотой тасалбар борлуулалт, худалдаанд шинэ зүйл нэмэгдсэн үү?

- Энэ жилийн хувьд Улаанбаатар төмөр замын зорчигч тээвэр төлөвлөгөөгөө бүрэн биелүүлээд явж байна.

Бид ойн баяраа угтан ОХУ-аар дамжин өөр улс руу явах галт тэрэгний тасалбарыг худалдаалж эхэлсэн.

Тухайлбал, Москвагаас Парис, Герман, Финланд орох тасалбарыг Улаанбаатар төмөр замын билетийн кассаар худалдаалж байна.


Та Eticket.ubtz.mn сайтаас галт тэрэгний тасалбараа худалдан авч болохоос гадна Android болон IOS үйлдлийн системийн гар утсаар "УБТЗ тасалбар" аппликэшныг татаж авснаар цаг заваа хэмнэх боломжтой аж.