Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатарсайхан: "Говь"-ийн бүтээгдэхүүнийг Америкт онлайнаар борлуулах төлөвлөгөөтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

- АНУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалын үеэр Говь компани тус улсад өөрийн салбараа нээх албан ёсны үйл ажиллагаа боллоо.

Энэ арга хэмжээний үеэр Таванбогд группийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхантай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө АНУ-д салбар дэлгүүрээ нээж байгаад баяр хүргэе. Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй гаргах асуудлыг тус улсын эрх баригчид дэмжихээ илэрхийллээ.

Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдвал Монголд ирэх үр өгөөж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Америкийн зах зээл бол дэлхийн хамгийн том зах зээлийн нэг. Ноос, ноолуурын тухайд энд үнэтэй бүтээгдэхүүн нь Италиас, арай хямд нь Хятадаас нийлүүлэгдэж, борлуулагдаж байна.

Харин Монгол дэлхийн түүхий ноолуурын 40-50 хувийг үйлдвэрлэж байгаа боловч үйлдвэрлэсэн түүхий эдийнхээ дөнгөж 10-15 хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж, экспортлодог.

Дэлхийн хамгийн том зах зээл дээр татварын таатай нөхцөл бүрдэнэ гэдэг нь бидэнд маш том боломж юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас болон яамнаас хийсэн судалгаагаар ноолуурын салбарт 10 гаруй мянган хүн ажилладаг юм байна. Энэ тоог 35 мянгад хүргэх боломж байгаа.

‘’Говь” хувьцаат компанийн хувьд жилд хоёр сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотооддоо болон дэлхийд борлуулдаг.

Италийн үнэтэй, Хятадын хямд бүтээгдэхүүний дундуур бид бүтээгдэхүүнээ борлуулж чадвал зөвхөн Америкийн зах зээлд эхний үед 100 мянган ширхэг,  яваандаа нэг сая ширхэг бүтээгдэхүүн борлуулах боломж байгаа гэж үзэж байгаа.

“Говь” компани нь ирэх есдүгээр сарын 1-нээс Лос Анжелест өөрийн үйл ажиллагааг нээнэ. Өнөөдөр франчайзаар Чикаго, Сан Франциско, Лос Анжелест байрлаж байгаа.

Манай компани нь зөвхөн онлайнаар борлуулалтаа хийнэ.

-Америкад оёмол сүлжмэл бүтээгдэхүүн борлуулах татвар нь ямар байдаг юм вэ?

-Гаалийн татвар дөрвөн хувьтай. Гэхдээ бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч 4-12 хувийн татвар ногдуулдаг. НӨАТ нь ойролцоогоор ес орчим хувийн татвартай.

-Манай бусад компани энэ зах зээлд гарахад бэлэн болов уу?

-Ноолуурын компаниудын хамгийн том бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө байдаг. Яагаад гэвэл гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-н гээд хоёрхон сарын дотор түүхий эдээ худалдаж авдаг. Гэвч энэ богино хугацаанд асар их түүхий эд худалдаж авах шаардлага тавигддаг нь бэрхшээлтэй. Тиймээс компаниудад бодлогоор эргэлтийн хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй байдаг.

“Говь” компани өнөөдрийн байдлаар 3,000 ажилтантай.

Хоёр сая бүтээгдэхүүн үйлдвэрдэж борлуулж байна. Манайх одоо байгаа ажилчдаараа гурван сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах боломж бий.

-Нэгэнт бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах боломж нь бүрдэж байгаа юм чинь үндэсний томоохон компаниудаа бодлогоор дэмжих нь зүйн хэрэг байх?

-Бүх зүйлд биднийг дэмжиж, тэтгэж байх ёстой гэхээсээ илүү бид хичээнэ, чармайна.

Төр бодлогоор эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дээр Хөгжлийн банкаар дамжуулаад дэмжээд өгвөл боломж асар их байгаа гэж харж байна.

Энэ салбарт ажиллах хүний тоог 2-3 дахин өсгөх боломж бий.

-“Говь” компани Германаас онлайнаар захиалга авдаг юм билээ. Ер нь дэлхийн зах зээл дээр аль улсаас хамгийн их захиалга авдаг вэ?

-Бид Германы Берлинээс дэлхийн ихэнх улсуудад онлайн худалдаа хийж байна. Герман улс манай онлайн худалдааны хамгийн том зах зээл. Хоёр дахь нь АНУ юм.

Бид үйл ажиллагаагаа АНУ-д явуулж эхэлснээр Америкийн хэрэглэгчдэд илүү ойр, хурдан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэж байгаа.

-Танай группийн хувьд “Говь” “Гоёо” гээд хоёр брэндийг хоёуланг нь эзэмшдэг. Цаашид энэ хоёр брэндийг нэгтгэх бодлого барих уу?

-“Говь” компани “Гоёо” компанийг 100 хувь худалдаж авсан. Хойшид “Говь” “Yama” “Органик” “Гоёо” гэсэн дөрвөн брэндтэйгээр үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа “Говь”-ийн бүтээгдэхүүн бэлэглэсэн. Нууц биш бол ямар бүтээгдэхүүн бэлэглэсэн юм бол?

-Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яамнаас  Дональд Трамп Ерөнхийлөгчид манай ноолууран хөнжлийг бэлэглэсэн.

Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. 

Бэлэгний зураг:

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.