Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Камбож улс АНУ, Канадын их хэмжээний хогийг буцааж илгээнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Хятад улс гадаад улс орнуудаас хог хаягдал хүлээж авахаа зогсоосон нь дэлхий даяар хямрал үүсгээд байна.

Камбож улсын засгийн газар өчигдөр тус улсад АНУ, Канад улсуудаас ирүүлсэн хог хаягдлыг буцааж илгээх болсноо зарлажээ. Мягмар гарагт Камбожийн гол боомт Сихануквиллд 83 чингэлэг хог илрүүлснээ тус улсын байгаль орчны яам мэдээлсэн байна.

Яамны хэвлэлийн төлөөлөгч “Камбож улс бол гадаад улсуудын хогийн сав биш. Дахин боловсруулах зориулалттай хог хаягдлыг ч манай улс хүлээж авахгүй” хэмээн мэдэгджээ.

Хогтой чингэлэгнүүдийн 70 нь АНУ-аас, 13 нь Канадаас ирсэн байна. Камбожийн засгийн газар хог хаягдал ямар арга замаар улсад нь ирснийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулжээ.

Хэрвээ дотоодын аль нэг компани, иргэн энэхүү ажиллагаанд оролцсон бол хуулийн хариуцлага хүлээлгэхээ анхааруулсан байна.

Камбож улс өөрөө дотооддоо хог хаягдлаа хэрхэн зохицуулах хэцүү асуудалтай тулгараад байгаа. Хятад улс бусад улс орнуудын хог хаягдлыг авахаа больсноос хойш хөгжингүй орнууд зүүн өмнөд Азийн улсууд руу хогоо илгээх явдал нэмэгдсэн юм.

Энэ сард Индонез улс Франц, Австрали руу их хэмжээний хог хаягдал буцааж илгээх болсноо зарласан. Хөрш Малайз улс нь тавдугаар сард 450 тонн хуванцар хог хаягдлыг ирсэн газарт нь буцааж байжээ.

Дэлхий даяар жил бүр 300 сая тонн хуванцар хог хаягдал үүсэж байгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан мэдээлсэн байдаг.

 

Эх сурвалж: The Guardian