Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын эрсдэл №2

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
https://www.inc.com/molly-reynolds/the-global-economy-is-changing-way-we-collaborate.html

Дэлхийн банкны Дэлхийн эдийн засгийн төлвийн тайлан (2019/06), ОУВС-гийн Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан (2019/03), Дэлхийн эдийн засгийн чиг хандлагын тайлан (2019/03)-д олон улсын эрсдлийн талаар хэд хэдэн чухал мэдээлэл гарчээ.

Бид “Олон улсын эрсдэл” цуврал нийтлэлийнхээ энэ дугаарт дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын эрсдлийн талаар онцлохоор шийдлээ.

Тэргүүлэх эдийн засгуудын удаашрал

Дэлхийн хэмжээнд эдийн засаг удаашрах төлөвтэй байгаа нь хувийн хэвшлийн ашигт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа бөгөөд зээлийн эрсдлийг мөн нэмэгдүүлж болзошгүй байна.

Америкийн Нэгдсэн Улс

АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна.

2017 оны сүүлээр батлагдсан татвар болон Хөдөлмөрийн тухай хууль, 2018 оны эхээр хэрэгжиж буй төсвийн тухай хууль нь тус улсын ойрын хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой ч, уг хуулиудын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр ирээдүйд буюу урт хугацаанд буурах хандлагатай байгаа. Ажилгүйдлийн түвшин сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн бөгөөд инфляци 2 хувиас бага байгаа нь ХНБ-ны зорилтоос доогуур түвшин юм. Евро бүс, Зүүн Ази, Номхон Далайн орнуудад экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээ багассан нь экспортын өсөлт удаашрахад нөлөөлжээ. Бараа, бүтээгдэхүүний өртөгийг өсгөсөн явдал нь АНУ-ын бодит орлогод нөлөөлсөн.

Инфляциас гадна гадаад орчны эрсдэл нэмэгдэж, шийдвэрлэгдээгүй бодлогын асуудлууд нь ХНБ мөнгөний бодлогоо цаашид чангаруулахгүй гэсэн дохиог өгөөд байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт төсвийн хумих бодлогын нөлөөгөөр 2019 онд 2.5 хувь, 2020 онд 1.7 хувь, 2021 онд 1.6 хувь болж буурах төсөөлөлтэй байгаа. Нэг талаас, тарифын өсөлт болон бусад улсуудын эсрэг хариу арга хэмжээ авах үйлдэл нь тус улсын эдийн засагт нөлөөлж байна. Нөгөө талаас, өсөлт нь уян хатан мөнгөний бодлогоос илүүтэйгээр, бүтээмж болон ажиллах хүчний оролцооны тогтвортой өсөлтөөр дэмжигдэж байгаа юм. Эдгээр бүтцийн эерэг чиг хандлагыг үргэлжлүүлэх нь дунд болон урт хугацааны өсөлтийг бий болгоно. Үүний эсрэгээр худалдааны хязгаарлалт, эсвэл бодлогын тодорхойгүй байдлыг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.

ХНБ-наас 2019 оны эхээр бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй, мөн актив  худалдан авалтыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн бууруулна гэж мэдэгдээд байна. Энэхүү шийдвэр гарснаас хойш хөрөнгө оруулагчид 2019-2020 онуудад бодлогын хүүг өсгөхгүй гэсэн итгэл түгээмэл болж АНУ-ын засгийн газрын үнэт цаасны өгөөж буурлаа. Үүний зэрэгцээ АНУ-ын компаниудын үнэлгээ сайжрахтай зэрэгцэж санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал сайжрах хандлагатай байна.

Евро бүс

Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал 2018 оны дунд үеэс хойш муу хэвээр байгаа бөгөөд ялангуяа, аж үйлдвэрлэлийн салбар уналттай байна. Эдийн засгийн бууралт нь голчлон Хятад, Европ, Төв Азийн бүс нутгийн бараа, бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурсантай холбоотой юм. Евро бүсийн эдийн засаг удааширч буйтай холбоотойгоор ХБНГУ, Франц, Итали зэрэг улсууд татварын зөөлөн бодлого баримталж, зарцуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа нь 2019-2021 оны Евро бүсийн ДНБ-ийг 0.2 хувь өсгөхөөр байна. Үүнээс гадна Европын Төв банк энэ оны 9 дүгээр сараас эхлэн банкуудад бага зардлаар нэмэлт зээл олгох боломжтой гэж мэдэгдэв.

Евро бүсийн суурь инфляци одоогийн байдлаар 1 орчим хувьтай тэнцэж байгаа бөгөөд Eвропын төв банк 2020 он хүртэл дахин санхүүжилт хийх түвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдийн засгийн өсөлт 2018 онд 1.8 хувь байсан бөгөөд 2019 онд 1.2 хувь, 2020-2021 онд дунджаар 1.4 хувь болж буурах төлөвтэй байна. Өмнөхтэй харьцуулахад өсөлтийн таамаглал 2019 онд 0.4 хувиар, 2020 онд 0.1 хувиар буурсан нь дотоод, гадаад худалдааны эрэлт бууралтыг төсвийн болон мөнгөний бодлогоор бүрэн нөхөх боломжгүйг илэрхийлж байна.

Европын төв банк 2018 оны сүүлээр үнэт цаас худалдан авах хөтөлбөрөө зогсоосон бөгөөд 2019 оны турш бодлогын хүүд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдээд байна. Хөрөнгө оруулагчид 2020 оныг дуустал бодлогын хүү нэмэгдэхгүй гэсэн хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ банкны салбарын зээл олголтыг дэмжих үүднээс урт хугацааны дахин санхүүжилтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

БНХАУ

Өргөн хүрээг хамарсан олон арга хэмжээг олон улсын түвшинд хэрэгжүүлсэн нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг тогтворжууллаа. Гэсэн хэдий ч аж үйлдвэрлэлийн гарцын бууралт, АНУ-тай хийж буй худалдааны дайн болон дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаагийн улмаас худалдааны урсгал суларсаар байна. Сүүлийн үед мөнгө болон төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжиж, банкуудын зээл болон бонд гаргах үйл ажиллагаа өргөжиж байсан хэдий ч БНХАУ-ын Засгийн газрын хатуу чанга зохицуулалтын улмаас банк бус санхүүгийн байгууллагуудын зээл удаашралтай байгаа. 2019 оны эхээр Засгийн газрын дэмжлэгээс үүдэн хөрөнгийн зах зээл сэргэж, ам.доллартай харьцах юанийн ханш сэргэж байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайн БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлэв.

Хэрэглээний үнийн индекс өссөн хэдий ч зорилтот түвшингээс доогуур байгаа юм. Үйлдвэрлэл болон экспортын хэмжээ буурсны үр дүнд 2018 оны эдийн засгийн өсөлт 6.6 хувь байсан бол 2019 онд 6.2 хувь болж буурах төлөвтэй байна. АНУ-ын БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулаад буй тариф нь 2020 оны өсөлтийг 6.1 хувь болгон бууруулах төлөвтэй байгаа юм (Энэхүү төсөөлөл нь АНУ-тай хийж буй худалдааны дайны нөхцөл байдлыг цаашид хүндрэхгүй гэж үзсэн таамаглал болно). БНХАУ-ын бодлогын арга хэмжээ нь дотоод болон гадаад сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэжээ.

Санхүүгийн салбарын зохицуулалт чангарах, зээл олголт буурах, худалдааны маргаан үргэлжлэх, өсөлт саарах зэргээс шалтгаалж 2018 оны турш корпорацуудын үнэлгээг буурууллаа. Иймээс Хятадын ардын банк (ХАБ) банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж зээл олголтыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхлэв. Үүний улмаас хадгаламжийн хүү болон зээлийн хүү хоорондын зөрүү буурсан боловч олон байгууллагууд санхүүжилт хайхад хүндрэл учирч байна гэж мэдэгдээд байна.

Япон

Япон улсын Засгийн газраас эдийн засгийг сэргэхээр ажиллаж байгаа хэдий ч уналттай хэвээр байна. Экспортын хэмжээ буурсан бөгөөд ялангуяа, БНХАУ-д экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ буурчээ. 2018 оны 10 дугаар сард тус улс НӨАТ (Value added tax)-ыг нэмсэн нь эдийн засгийн өсөлтийг цаашид бууруулах хандлагатай байна. Гэсэн хэдий ч үйлчилгээний салбар харьцангуй тогтвортой байгаа нь ажилгүйдлийн түвшин бага байх, ажиллах хүчний оролцоо өсөхөд голлон нөлөөлөв. 2019 оны эдийн засгийн өсөлт нь хүлээгдэж буй гадаад эрэлт сул байгаатай холбоотойгоор өмнөх таамаглалаас 0.8 нэгж хувиар бага гарлаа.

Төсвийн хэд хэдэн арга хэмжээ нь жилийн эцэс гэхэд НӨАТ-ын өсөлтийн богино хугацааны нөлөөллийг бууруулах хүлээлттэй байгаа юм. Эдийн засаг бүрэн хөдөлмөр эрхлэлтийн түвшинд дөхөж очсон хэдий ч ажиллах хүчин болон хөдөлмөрийн бүтээмж бага байгаа нь гарцаагүй саад болж байгаа бөгөөд 2020 онд хүчин чадлын хязгаарлалт (capacity constraints) 0.7 хувь, 2021 онд 0.6 хувь болж удаашрах төлөвтэй байна. Банкны секторын ашигт ажиллагаа буурч, банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн түвшин нэмэгдэж байгаа нь мөн асуудал болж эхлэв.

ХНБ-ны мэдэгдэл, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

ХНБ-наас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар бодлогын хүүг 2.25-2.50 хувьд хадгалах шийдвэр гаргаад байна. Энэхүү мэдэгдэлд АНУ-ын эдийн засагт тогтвортой өсөлт ажиглагдаж байгааг онцолж, ажлын байрны өсөлт мөн нэмэгдэж байгааг дурдаж ажилгүйдлийн түвшин буурах, инфляци урт хугацааны тогтвортой түвшин болох 2 хувьд байгааг давхар онцлов. Гэвч тодорхой бус байдал болон инфляцийн дарамт байгааг мөн анхаарууллаа.

Дэлхийн алтны зах зээл

Дэлхийн зах зээл дээр алтны ханш үргэлжлэн өсч сүүлийн 6 жилийн хамгийн дээд түвшинд хүрч, ам.долларын ханш суларсаар байгаа нь дэлхий дахины геополитикийн маргаантай байдал өсч буйг харуулаад байна. Алтны үнэ 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1438.6 ам.долларт хүрсэн нь 2013 оны 5 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт болоод байна. АНУ-ын ХНБ эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотойгоор хүүгийн түвшинг бууруулах талаар мессежийг өгч байгаа нь ам.долларын ханш сулрахад нөлөөлөв.

Хөрөнгө оруулагчид ихэвчлэн алтыг инфляцийн эсрэг хеджинг хийхэд ашигладаг бөгөөд алтны үнэ нь ам.долларын ханштай урвуу хамааралтай байдаг. Алтны ханш сулрах нь хөрөнгө оруулагчдын бусад валютаар алт худалдаж авах сонирхлыг нэмэгдүүлдэг. Мөн алт нь ямар нэгэн хүүний төлбөргүй түүхий эд учраас энэ нь дэлхийн зах зээл дээрх бондын өгөөж буурахад нөлөөлж байна.

Эцэст нь хэлэхэд, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж алтны үнэ өсч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь армийн дроныг буудан унагасны шийтгэл болгож Ираны дээд удирдагч болон бусад албаны хүмүүсийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлаад байна.