Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор Урианхай сурын харваагаар эхэллээ.
Бямба гарагт эхэлсэн Урианхай сурын харваанд энэ жил 178 харваач цэц мэргэнээ сорьсон нь оролцогчдын хувьд нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Урианхай сур нь зөвхөн эрчүүдийн наадам гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байнаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой наадам.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүлсэн харваачид:
Ц.Батзориг мэргэний хувьд хоёр дахь удаагаа түрүүлж, Урианхай сурын хошой мэргэн болсон бол энэ удаагийн хамгийн залуу тамирчин нь 16 настай Ц.Цэндбазар байлаа. Увс аймгийн Тэс сумын харьяат тэрбээр Үндэсний сурын харваач, даян мэргэн Д.Норжмаагийн хүү бөгөөд энэ удаагийн баяр наадмаар спортын дэд мастер цол хүртсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!