Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батбаатар: Наадмаар долоо буюу түүнээс дээш насны хүүхэд морь унаж уралдана

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын морин спорт, уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Холбогдох байгууллагууд мэдээллийн үеэр уралдаж яваад хүүхэд бэртсэн гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг даатгалын гэрээнд оруулах, хүүхэд даатгалд хамруулж байгаа үйл явцыг шилэн болг зэрэг асуудлыг онцоллоо.

 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөөцөлдсөн ажлын үр дүнд хурдан морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болсон. Мөн унаач хүүхдүүдийг даатгалд хамруулдаг болсон.

Бүртгэлгүй хүүхдийг ямар ч уралдаан тэмцээнд оруулахгүй байхаар анхааран ажиллаж байна. Бидний хүсэж байгаа нэг зүйл бол гэнэтийн ослын даатгалд  хүүхэд бэртсэн гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг нь оруулж өгөх явдал. 2019-2022 оныг Засгийн газраас хүүхдийн хөгжил хамгааллын жил болгож зарласан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүүхдээ хамгаалах орчин нөхцөлийг хамгаалахад онцгойлон ажиллаж байна хэмээн харж байна.

Хүүхдийн даатгал дээр нэг асуудал үүссэн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, уяач нар хурдан морь унаач хүүхдээ ямар үнээр даатгуулахаа даатгуулагч талтайгаа харилцан тохиролцож даатгуулж болно гэх утгатай мэдээ гаргасан.

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянгаас доошгүй, нөхөн олговрыг 20 сая төгрөг ба түүнээс дээш байхаар тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл, тус мэдээлэлд гарснаар харилцан тохиролцож байвал заавал заавал 100 мянга байх албагүй гэдэг маргаан эхнээсээ үүсэж эхэлсэн. Хэдээр ч хамаагүй даатгуулж болно гэж ойлгоод байна. Энэ нь хүүхдийг хамгаалахын тулд бид нарын хийсэн бүх ажлыг асуудалтай, эмзэг байдалд орчихоод байна. Холбооноос яагаад ийм мэдээлэл гаргасныг ойлгохгүй байна гэв” хэмээв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын морин спорт, уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар “Хүүхдийг даатгуулж буй үйл явцыг шилэн болгох ёстойг бид шаардаж байна. Хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг тэргүүнд тавьж хамгаалах ёстой. Үндэсний их баяр наадмаар долоо буюу түүнээс дээш насны хүүхэд морь унаж уралдана. Ингэхдээ тухайн хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх ёстой" гэв.

Харин Практикал даатгал компанийн зуучлалын менежер Т.Сүх-Очир "Даатгалын компаниудын ярьж зөвлөлдсөнөөр бол заавал СЗХ, уяачдын холбооны ярьснаар тээвэрлэлтийн зардал өгдөг байх заалт нэмэхээс илүүтэйгээр эмчийн дүгнэлтийн дагуу шийдэх бодолтой байгаа. Эмч үнэхээр тухайн хүүхдийг яаралтай тээвэрлэж, эмчлэх хэрэгтэй гэвэл гарах зардлаар нь асуудлыг шийдчих хэрэгтэй. Хүнийг амь насыг мөнгөөр үнэлэх гээд байгаа зүйл биш гэдийг ойлгох хэрэгтэй. Даатгалын компаниудын зүгээс хэдийг хураамжаар авч хэдийг нөхөн олговорт олгосон нь нуух зүйл биш" хэмээв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/355676391718191/