Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Япон станц" хэмээгддэг "ДЦС-4"-ийн турбин болон зуухнууд бүрэн автомат удирдлагад шилжив

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг "ДЦС-4" төрийн өмчит хувьцаат компанид Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр станцын үр ашгийг дээшлүүлэх MON-P10 хэрэгжиж байна.

 

2014 оноос хойш хэрэгжиж буй уг төсөл болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "ДЦС-4" цаашид 35 жилийн турш тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж байгааг тус станцын Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганхуяг ярив.

"1995 оноос инженер техникийн ахмад ажилтнууд сайн дураараа ирж, ажиллаж байсан"
 

Япон улсаас Улаанбаатар хотын төдийгүй улсын хэмжээнд чухал ач холбогдол бүхий "ДЦС-4" ТӨХК-д 1991 оноос одоог хүртэл техникийн болон санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг хэрэгжүүлсээр ирснийг Судалгаа хөгжлийн албаны ахлах инженер А.Баттүвшин хэлж байлаа.

1991-1992 оны өвлийн их ачааллыг давахын тулд зайлшгүй хийх засварт Япон улсаас 40 сая иенийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгож байжээ. Үргэлжлүүлэн 1992-1995 онд 1.6 тэрбум иенийн буцалтгүй тусламж үзүүлсний үр дүнд зуух аваараар зогсох тоо 30 хувиар буурч, станцын тогтвортой ажиллагаа дээшилж, ажлын байрны нөхцөл сайжирсан байна. Буцалтгүй тусламжийн гуравдугаар ээлж 1996-1998 онд 1.1 тэрбум иенээр үргэлжилж, станцын зарим шийдлийг сольсноор зуны улиралд 5-6 хоног 0 зогсолт хийн засвар хийдэг байсан үеийг халжээ.

Ингээд 1997 онд 4.5, 2003 онд 6.1 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлсэн бол 2014 оноос 4.2 тэрбум иенийн өртөгтэй гурав дахь хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжив.

"ДЦС-4"  нийт найман зуухтай бөгөөд 2003 онд олгогдсон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 1-4 дүгээр зуухыг шинэчилж, 2014 оноос үлдсэн 5-8 дугаар зуухыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг бүрэн автоматжуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.

"Япон улсаас манай станцад буцалтгүй тусламж үзүүлж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлэхээс гадна 1995 оноос инженер техникийн ахмад ажилтнууд нь ирж, сайн дураараа ажиллаж байсан. Тэд манай инженер техникийн ажилтнуудыг орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллахад бэлтгэн дадлагажуулсан.

Ер нь төсөл хэрэгжих бүрт Японоос мэргэжилтнүүд ирж ажиллан, сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар заадаг" хэмээн А.Баттүвшин инженер онцолж байлаа.

"Япончуудтай хамтарч олон төсөл хэрэгжүүлсний дараа манай станцыг "Япон станц" гэж нэрлэх болсон"
 

2014 оноос хэрэгжиж буй MON-P10 төслийн хувьд станцын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн нийт өртөг 4.2 тэрбум иен бөгөөд жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

"Төсөл хэрэгжсэнээр тоноглолын зогсолтын тоо цөөрч, галлагааны зардал буурах нөхцөл бүрдэж байна. Зуухыг хүйтнээс буюу хөрсөн үед нь галлахад 20-22 сая төгрөгийн зардал гардаг бол халуун байдлаас галлахад 4-5 сая төгрөгийн зардал гарч байгаа. Мөн засвар үйлчилгээ хоорондын хугацаа холдсон. Жил тутам биш, 4-5 жилдээ засвар хийх болсон нь том үр дүн.

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, түүн дээрээ япон мэргэжилтнүүдээсээ заавар аван суралцаж байна. Япончуудтай хамтарч олон төсөл хэрэгжүүлсний дараа манай станцыг "Япон станц" гэж нэрлэх болсон" хэмээн MON-P10 төслийг хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч М.Амарбаясгалан ярив.

 

Энэ талаар MON-P10 төслийн Япон талын зөвлөх Коизүми "Би 2011 онд MON-P10 төслийн судалгааг хийхээр Монголд ирж байв. Ингээд 2014, 2015 оноос төслийн ажил эхлэх үеэр ирж, очоод ажиллаж байна.

Японы цахилгаан станцуудын менежмент, дотоод зохион байгуулалт, эмх цэгцтэй байдлаас "ДЦС-4"-ийн инженерүүд нэлээд сайн суралцаж чадсан болов уу. Мөн инженерүүд технологийн зааварчилгааг маш сайн хүлээж авдаг учраас энэ тал дээр нэлээд ахиц дэвшил гарсан" гэлээ.

MON-P10 төслийн ажил 2015 оноос албан ёсоор эхэлсэн бөгөөд өмнөх төслүүдийн үр дүнтэй нийлээд станцын турбин болон зуухнууд бүрэн автомат удирдлагатай болж байгаа ажээ.

фото