Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Замуудыг дөрвөн эгнээтэй болгоход өртөг нь өсөж байгаа ч алсаа харахаас өөр аргагүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил өнөөдөр эхэлж байгаа билээ. Тус ажлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар энэ жил ашиглалтад орох замын талаар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын хувьд Улаанбаатар- Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн замд онцгойлон анхаарч байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх зам, гүүрийн ажлууд сайн явагдаж байна. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд би, Зам тээврийн хөгжлийн яам ажлаа сайн хийж байна гэж бодож байна. Энэ жил тавигдаж байгаа замуудаас Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн зам засварын ажилд онцгойлон анхаарч байгаа. Энэ бол хамгийн их аваар осол гардаг, ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг хоёр эгнээтэй, ачаалалтай байдаг замууд юм. 

Харин тэдгээр замыг одоо дөрвөн эгнээтэй болгохоор ажиллаж байна. Өмнөх хоёр эгнээтэй замын хувьд, урд нь том машин явж буй тохиолдолд арын машин нь гүйцэж түрүүлэх боломжгүй хүнд нөхцөл үүсдэг. Тус замуудыг дөрвөн эгнээтэй болгоход өртөг зардал нь өсөж байгаа ч алсаа харж ингэж хийхээс өөр арга байхгүй" гэв.

Замын ажлууд эхэлчихсэн, бүтээмж сайтай явж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  "Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан замын гол ажлууд баруун бүсэд хийгдэж байна. Нийтдээ олон улсын болон улсын чанартай 1,569 километр хүртэл урт авто зам, 699 километр гүүрийн ажил хийгдэж байна. Үүнд 30 гаруй төсөл, харин орон нутагт 118 төсөл хэрэгжиж, ажлууд эхэлчихсэн, бүтээмж сайтай явж байна. Энэ жилдээ багтаж бид 899 километр авто зам, 500 метр орчим урттай гүүрийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Мөн баруун бүсийн аймагт 699 километр замыг ашиглалтад оруулж, 61-ын гармаас Эмээлт хүрэх замыг наадмаас өмнө тавьж дуусна. Харин Баянхонгор, Говь-Алтайн чиглэлийн 126.9 километр зам, Баян-Өлгий, Ховдын чиглэлийн замуудыг мөн энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Үерийн улмаас хөдөлгөөн хязгаарласан замуудын талаар "Төв аймгийн Лүн сумын чиглэлд 107-108 километр, болон 117 километрт бас зам сэтэрсэн маш усархаг бороо орсон учраас тэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Одоогоор Лүнгийн зам нээгдэж, хөдөлгөөн нь саатсан автобуснуудыг гаргаж байна. Гэхдээ замын нөхцөл байдал далан сэтэрсэн, шавар шавхай их учраас хүндхэн байгаа. Өчигдөр замын цагдаагийнхан тухайн нөхцөлд ажиллаж, хөдөлгөөнийг хорьсон байхад л зарим жижиг тэргүүд дайрч ороод аваар осол хийх гээд байх тохиолдол гарч байна. Ийм нөхцөлд иргэдийг хариуцлагатай байх хэрэгтэйг мэргэжлийнхэн сануулж байна.

Дундговь, Өмнөговь чиглэлийн 10 километр зам мөн усанд автаж, доогуураа идэгдсэн нөхцөл байдалтай байгаа учраас зөвхөн Лүн суманд биш Төв аймаг, Дундговийн чиглэлд өчигдөр сайдын тушаал гарч замуудыг ч хаасан. Эдгээр замыг засварлахад Засгийн газрын нөөц хөрөнгө шаардлагатай бөгөөд тус чиглэлүүдэд зам засварын ажил явагдтал хөдөлгөөнийг хориглож, аюулгүй болсон нөхцөлд нээнэ" гэсэн мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд өглөө.