Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил өнөөдөр эхэлж байна.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ.
Хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг нь энэ зам дээр 3-4 бутлах машин /резакл/ ажиллаж байгаа юм. Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологи. Тийм учраас хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа.
Хуучин 2 эгнээ замын шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж.
Харин шинээр нэмж барих хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэнэ. Эхний шалгаруулалт 6 дугаар сарын 15-нд болсон. Дараагийн шалгаруулалт 8 дугаар сарын 15-нд явагдана. Үндсэн ажил 9 дүгээр сард эхэлнэ. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн" гэлээ.
Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр зохицуулжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох өргөтгөлийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!