Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн экс хаан эцэг тогтоох шинжилгээ өгөхийг зөвшөөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бельгийн хаан асан Хоёрдугаар Альберт арав гаруй жил үргэлжилсэн маргаанд цэг тавихын тулд эцэг тогтоох шинжилгээ өгөхөөр болжээ.

51 настай Бельгийн зураач эмэгтэй Делфин Боэл өөрийгөө 84 настай эзэн хааны охин гэдгээ батлахаар олон жил тэмцэж байгаа юм.

1993-2013 оны хооронд Бельгийн хаан байгаад эрүүл мэндийн шалтгаанаар сэнтийнээсээ буусан Альберт түүнийг охиноо гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй, эцэг тогтоох генетикийн шинжилгээ өгөхөөс татгалзаж байв.

Харин энэ сарын эхээр тус улсын давж заалдах шатны шүүх экс хааныг шинжилгээ өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаж, шинжилгээнээс зайлсхийсэн хоног тутамд 5,000 еврогийн торгууль төлүүлэхээр болсон юм.

Ингээд өндөр торгууль төлөх болсон Альберт өчигдөр буюу Мягмар гарагт шүлснийхээ дээжийг шинжилгээнд өгсөн байна.

Хатагтай Боэл анх 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагад өөрийгөө Альберт хааны охин гэдгийг олон нийтэд мэдэгдэж байжээ.

Түүний ээж 1966-аас 1984 оны хооронд Альберттай нууц амрагийн холбоотой байсан гэнэ. Мөн Альберт хаан 1980-аад оны үед гэр бүлийн харилцаанд нь хямрал гарч байсныг нэг ярилцлагадаа дурссан байдаг.

Гэхдээ гэр бүлээс гадуур янаг амрагийн харилцааны талаар огт ам нээж байгаагүй юм.

Тэрээр 1993 онд хаан ахыгаа нас барсны дараа 62 насандаа санамсаргүй тохиолдлоор Бельгийн хаан ширээнд сууж байжээ.

Сүүлд 2013 онд Альберт эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ хүү Филиппд шилжүүлж байв.

Үндсэн хуульт хаант засагтай Бельги улсад эзэн хаан бэлгэдлийн төдий үүрэгтэй байдаг. Экс хаан Альберт одоо жилд нэг сая орчим еврог улсынхаа төсвөөс хүртдэг байна.

Хэрвээ Делфин Боэл түүний охин гэдэг нь батлагдвал өмч хөрөнгөөс нь өв залгамжлах эрхтэй болно.

 

Эх сурвалж: BBC