Амраа: Гурван ч цомог хийж хүрэх дуутай болсон
“Sync” хамтлагийн залуусыг хийсэн уран бутээл олонтой ч түүнийгээ нийтэд цацаад байдаггүйг зарим хүн даруухан гэх ч, менежмент муутайх гэж шүүмжлэх нь бий. Нээрээ ч тэд хийсэн уран бүтээлээ түгээхдээ таруухан.
Тэднийг ямap нэгэн шинэ уран бүтээл хийж л байгаа болов уу хэмээн сонирхож хамтлагийн ахлагч Амраа руу утас цохьсон юм.
-Сайн байна уу. Танай хамтлагийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцах гэсэн юм?
-Бид уран бүтээлийнхээ хажуугаар хувь хувьдаа мэргэжлийн ажлаа хийдэг. Тиймээс бидний уран бүтээл цаг хугацааны хувьд жаахан удааширч байгаа. Гэхдээ зүгээр суугаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ зун хэд хэдэн дуун дээр ажилласан.
-Яг одоо ямар дуу гаргаж байна?
-“Чамдаа зориулъя” дуугаа дүрсжүүлээд телевизүүдэд түгээх ажлыг ойрын хэд хоногт амжууллаа. Би “Sly” хамтлагийн дуучин Баагийтай хамтран “Аавдаа” гэдэг дуу дуулсан. Бидний аав нар бурхан болсон учраас тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн энэ дууг бүтээсэн юм.
-Шинэ цомгоо гаргах гэж байгаа гэж дуулсан?
-Цомог гаргахаар төлөвлөж байгаа. Бид цомог гаргахгүй байсаар байтал гурван ч цомог болохуйц дуу хуримтлагдсан байна билээ. Саяхан тоолж .үзсэн юм. Одоо он гармагц тэднээсээ түүвэрлэн ганц чанартай цомог гаргах уу, сэдэвлээд хоёр болгох уу гэдгээ шийднэ. Юутай ч шинэ цомогтой болох санаа бий. Нэрийг нь ч бодож амжсан шүү.
-Нэрийг нь хэлж болох уу?
-Одоохондоо нууц байг. Цаг нь ирэхээр мэднэ биз дээ.
-Хамтлагийн гишүүн Б.Мөнх-Оргил саяхан тэквандогийн улсын аварга болсон. Баяр хүргэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Хаа нэг тийшээ тэмцээнд явчихсан юм уу?
-Оргил маань үнэхээр мундаг тамирчин. Бид гадаадад болсон тэмцээнийг нь үзэж чаддаггүй
болохоор улсын аварга шалгаруулах тэмцээнийг нь үзсэн. Найзаараа бахархсан. Бас бид баярыг нь хамтдаа тэмдэглэсэн. Оргил их хичээл зүтгэлтэй хүн дээ. Одоогоор ийшээ тийшээ яваагүй хотод байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
