Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улирал нь дууссан ч утааг мартахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Агаарын бохирдол гэдэг бол зөвхөн утаа гаргах асуудал биш, ядуурлын харагдаж буй хэлбэр. Хөдөө ажлын байр хангалтгүй, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломж дутмаг зэргээс үүдэн дотоодын шилжих хөдөлгөөн Улаанбаатарыг чиглэж байна. Тиймээс эхлээд хөгжлийн загвараа харахыг шийдвэр гаргагчдад уриалж байгаа. Одоо буй загвар нь ядуурлыг улам нэмэгдүүлэх хандлагатай байна.

Бодлогын загвараа өөрчлөхгүй бол ядуурал арилахгүй бол, ядуурал арилахгүй бол утаа арилахгүй. Тиймээс шийдвэр гаргагчид эхлээд тархиныхаа утааг арилгамаар байна" хэмээн Монфемнет үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал "Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" чуулганы үеэр хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил 13 дах удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд агаарын бохирдлыг асуудлыг хөндөж, тал, талын төлөөллийн оролцуулан, шийдлийг хамтдаа хайж байна.

Д.Энхжаргал: Утааг бууруулах урт хугацааны ажлууд үр дүнгээ өгөх хүртэл хүнээ хамгаалах бодлого байх ёстой

"Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад томоохон ажлууд хийсээр байна гэдэг ч утаа арилаагүйгээр барахгүй бидний эрүүл мэндэд ноцтой уршиг үзүүлж байна. Төр засгаас хэрэгжүүлэх төслүүдийг авч үзэхэд дэд бүтцийн ажлууд нь үлгэрийн мэт жагсаалт байдаг. Тэдгээр ажил бодитой болж, утаа арилах буюу үр дүнгээ өгөх хүртэл багадаа 5-10 жил шаардагдана. Харин тэр болтол хүмүүс хордсоор байх уу.  Уг нь зэрэгцээ хоёр төлөвлөлт явах ёстой.

Утаагаа бууруулах урт болон дунд хугацааны арга хэмжээг авахаас гадна тэр хүртэл хүнээ яаж хамгаалах вэ, эрсдлийг бууруулах вэ гэдэг бодлого үгүйлэгдэж байна" гэдгийг мөн хатагтай Д.Энхжаргал хэлсэн билээ.

А.Ариунзаяа: 1,000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт 2018 онд 69 болсон
 
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тоон баримтуудыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Агаарын бохирдол ба статистик сэдвээр тавьсан илтгэлээрээ толилуулсан юм. Түүний илтгэлээс тоон үзүүлэлтийг түүвэрлэн хүргэе.

  • Хүн амын өсөлтөөс ажиглавал монголчууд 2030 онд ДӨРВӨН САЯ дах иргэнээ хүлээн авна.
  • 1960 онд монгол эмэгтэйчүүд дунджаар найман хүүхэд төрүүлдэг байсан бол одоо дунджаар 2.9 хүүхэд төрүүлж байна.
  • 2018 оны байдлаар улсын хэмжээнд 894.5 мянган өрх бийгээс 387.5 мянга нь Улаанбаатарт амьдарч байна.
  • Улаанбаатар хотод байх 387.5 мянган өрхөөс 69.9 хувь нь ердийн галлагаатай гэр хороололд амьдардаг. 
  • Гэр хороололд амьдарч буй 208.3 мянган өрх жилд 728.2 мянган тонн нүүрс хэрэглэдэг бол 16 цахилгаан станц 7.7 сая тонн нүүрс хэрэглэдэг. Мөн 401.7 мянган тээврийн хэрэгслийн яндангаар хорт утаа гардаг нь нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэх гол хүчин зүйлс болж байна. 
  • 2017 оны байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нь 993,065 төгрөг байсны 32,325 нь эм, эмнэлгийн үйлчилгээний зардал.
  • Улаанбаатар хотын тоосонцрын дундаж агууламж 2011 онд жилийн 365 хоногийн дунджаар 237 өдөр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байсан бол 2018 онд 338 болж өссөн.
  • Амьсгалын тогтолцооны өвчлөл 10,000 хүнд ногдох тоо 2018 онд улсын хэмжээнд 1,719 бол нийслэлийн хэмжээнд 1,588 байна.
  • 1,000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт 2014 онд 21 байсан бол 2018 онд 69 болж өссөн.

Дараагаар нь "Нутгийн шийдэл" ТББ-ын зөвлөх Б.Дашням Сангууд ба хариуцлага сэдвээр, "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү Зээл, хөгжлийн тусламж сэдвээр тус тус илтгэл тавьж, өөрсдийн санаа бодол, хувилбарыг хуваалцсан юм. Ингэхдээ гаднаас зээл тусламж авахдаа төсөл хөтөлбөрийнхөө дагуу ажиллах хэрэгтэйг онцолсон.

Ц.Пүрэвхүү: Төсөл нь хэрэгжиж дуусаагүй байтал зээлийн төлөлт хийх хугацаа нь болох гэж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

"Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Гэр хорооллын дэд бүтэц барихаар Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкнаас нийт 320 сая ам.долларын зээл авсан байгаа. Үүнээс 120 сая орчим ам.долларыг аваад зарцуулж, ажил нь эхэлсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд дуусаж, ойролцоогоор 10 мянган айл дэд бүтцэд холбогдож, яндангаа буулгах ёстой байсан.

Гэтэл төсөл нь гүйцээгүй байтал 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн хагас жил тутамд 500 мянган ам.доллар төлөх ёстой болж байна. Мөн бидэнд олдсон мэдээллээр дахин 570 сая ам.долларыг гадаадын санхүүжүүлэгчдээс авах гэж байна. Нэгэнт бид үр дүнд хүрэхгүйгээр 550 тэрбум төгрөгийг зарцуулчихсан хэр нь одоо түүнийг тав дахин нугалсан зээл авна. Зээл авах гэж байгааг эсэргүүцэж байгаа юм биш.

Гэхдээ өмнөх алдаанаасаа суралцах, дахин алдахгүйн тулд яах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Бид ирээдүйдээ агаар бохирдол, утаа хоёуланг нь үлдээмээргүй байна. Ирээдүйгээсээ зөвшөөрөлгүй зээлж буй энэ их мөнгөөр агаарын бохирдлоо шийдэх хэрэгтэй" гэж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ удаагийн чуулганыг эмэгтэйчүүд, иргэд, иргэний  нийгмийн байгууллагууд, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран цаашдын хамтын зорилт, стратегиудыг тодорхойлж, бодлогын нөлөөлөл хийхээр төлөвлөж байгаа юм.

Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганаар хэлэлцсэн асуудал, дүгнэлт, дэвшүүлсэн шийдэл, зөвлөмжийг үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээр Засгийн газраас боловсруулж байгаа Үндэсний сайн дурын илтгэлийн агуулгад нөлөөлөхийн зэрэгцээ Иргэний нийгмийн илтгэлийн нэг хэсэг болгож оруулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах тухай Конвенцийн Хорооноос Засгийн газарт өгсөн Зөвлөмжийн нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндтэй  холбогдох заалтын хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний хамгаалах тогтолцоон дахь хариуцлагын механизмыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж. Мөн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт (UPR) нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх илтгэлийг Сүлжээ бие даан боловсруулж илгээхээр төлөвлөжээ.