Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Зэгиймаа: Кирилл бичгээр асар их оюуны соёл бий болчихсон

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг

МУИС-ийн Эрдмийн их сургуулийн захирал, доктор профессор Ч.Зэгиймаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголчууд 2025 оноос уйгуржин монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэхээр болсон нь олон нийтийг багагүй бухимдуулж байна. Монгол хэлний энэ хуулийг таны удирдсан эрдэмтдийн баг төслийг нь боловсруулсан гэж дуулсан. Эрдэмтэн судлаачид, нийгмийг хоёр талд хуваахад хүргээд байгаа энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна?

-Монгол хэлний хуулийн санаачлагч нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Батцэрэг, М.Батчимэг нар байсан. Тэд эрдэмтдийг цуглуулаад баг болгоод гэрээ байгуулсан. 15 эрдэмтнийг Д.Цэрэнсодном академич бид хоёр ахлаад хуулийг боловсруулж эхэлсэн байдаг. Бид энэ хуульд гол нь шинжлэх ухаанчаар хандах ёстой, олон юм хуульчлах шаардлагагүй, авсаархан цөөхөн явуулах нь зүйтэй.

Шинжлэх ухаанаар яривал уйгуржин монгол бичгийн хэрэглээ өндөр түвшинд гарч ирэхгүй гэдгийг М.Батчимэг гишүүнд хэлсэн. Тэгэхэд “Би докторант хүн. Эрдэмтэдтэй санал нэгтэй явна” гэсэн. Хоёр жилийн хугацаанд бид маш их материал судалж, цуглуулсан. Гэвч төслийн дундуур гэнэт олон ажлыг хэсэг шинээр гарч ирж эрдэмтдийн багийг шахаж гаргасан. Уйгаржин бичгийг шахахын тулд ийм зүйл хийсэн. Товчхондоо бол энэ хуульд улс төр орчихсон байх гэж боддог.

-Тэгвэл та бүхний боловсруулж байснаас өөр хууль болсон гэсэн үг үү?

-Хууль батлагдахад бидний боловсруулж байснаас тэс өөр, танихын аргагүй болж өөрчлөгдсөн байсан. Баахан уйгурын бичиг үсгийн асуудал, дээрээс нь гадаад хэлийг хойш нь татаж тав, зургаадугаар ангид заах, гудамжны хаяг зэргийг оруулаад эх захгүй болгоод хаячихсан.

Монгол хэлний хуулийн эрдэмтдийн багийг ахлаад явж байсан хүний хувьд Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг байгууллага яаж ажиллах вэ гэдгийг өөрийн гараар бичиж өгсөн. Харьцангуй бага өөрчлөгдсөн ч монгол хэлнийхэн өөрсдөө ороод сууцгаачихсан. Тэд хэлний бодлого гэдгээ ойлгохгүй байна. Хэлний бодлогыг бичиг үсэг гэж ойлгоод байна. Журамласан толь гэж худлаа ном гаргалаа. Намар эх хэлний өдөр гэж худлаа өдөр тэмдэглэсэн. Бичиг үсгийн өдөр гээд баахан бужигнаад, телевизээр ярьцгааж л байна.

-Кирилл бол үндэсний бичиг. Бүхий л том ном зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд кирилл бичгээр байгаа. Гэтэл яагаад уйгуржин монгол бичгийг нэвтрүүлэхээр улайраад байна вэ?

-Сайн мэдэхгүй юм. Хэдэн хүний төслийн ажил болов уу. Тэгж ч ирсэн. Төслөө хийгээд тайван яв л даа. Монголын хэмжээнд төсөл хийхээр их мөнгөтэй болдог юм байлгүй. Кирилл бичиг нэвтрээд 100 орчим жил болчихлоо. Асар их хэмжээний оюуны соёл бий болчихсон. Юуг нь бичиж болохгүй байгаа юм. Би ч асуумаар байна.

Монголчууд кирилл үсэгтэй болсон нь тухайн үед амжилт байсан. С.Мөөмөө, Д.Цэрэнсодном академич нар маш сайн үндэслэлийг тайлбарлаж яриад байгаа. Даанч тэдний дуу хоолойг гаргахгүй юм. Цөөн тооны хүмүүсийн дуу хоолой хүчтэй гарснаар улс орноороо хямарчихаад байна. Энэ чинь аюултай. Хэлийг үгүйсгэдэг, түрэмгийлдэг нөхцөлийг бүрдүүлчихээд байна. Угаас ингэж явдаг үзэгдэл. Олон нийтийн саналыг хараад байхад кирилл болохгүй бол уйгуржин бичиг ч болохгүй.

Яршиг, англиар бичье гэсэн санал гарч эхэллээ. Үндэсний залуу үеийг бичиг үсэг нь ядрааж байгаа учраас тогтсон юмыг авъя гэдэг урсгал руу оруулж байгаа юм. Энэ бол хэлээ устгах том хэрэгсэл. Шинжлэх ухааныг өмчилсөн мэддэггүй мөртлөө мэддэг, албан тушаалд дуртай ийм хүмүүс алаад байдаг юм.

-Монгол хэлний хуульд зааснаар 2025 оноос хос бичигт шилжинэ гэж байгаа. Нийгэм хүлээж авч, хос бичигт шилжихэд бэлэн үү?

-Сая бид нутгийн овгийн талаар ном бичихэд хэл шинжлэлийнх нь жинхэнэ монгол хэлний эрдэмтэн 1933 онд байсан хүний нэр уншиж чадахгүй байсан. Уйгаржин бичгийн мэдлэг ийм л түвшинд байна. Бичиг үсэг бол солигдож, өөрчлөгддөг тохиолдол бий. Тэр нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэг бичиг үсэгтэй болчихсон улс орон солино, хална гэдэг зүйл бараг байхгүй.

Уйгаржин бичгээсээ кирилл рүү орж байх үеийг хүмүүс ярьдаг. Нөхцөл нь бүрдчихсэн, уйгуржин бичгийг мэддэг хүн цөөн. Кирилл үсэг энгийн хялбар, ярианы хэлийг дагуулчихсан учраас илүү хөгжчихсөн гэж. Жишээ нь, манайд өвөр монгол оюутнууд сурдаг. Тэд нар чинь биднээс монгол хэл сураад байна. Тэд уйгуржин монгол хэлээр сурчихсан юм бол яагаад өнөөдөр хоцрогдоод байгаа юм. Харин хятад оюутнууд англи хэл рүү орчихсон, оюун ухаан нь цэгцэрчихсэн байна.

-Хос бичгийг хэрэглэх тухайд ард түмний саналыг сонсох ёстой гэсэн санал гарч байна?

-Манайд гурван бичиг үсгээр хамгаалсан доктор байдаг. Өнгөрсөн хугацаанд яагаад солиод байсан юм гэдэг талаар судалсан. Тэр хүн докторын зэргийг 2004 онд хамгаалахдаа ард түмнээс санал асуулга авсан байдаг. Та ямар бичиг сонгож хэрэглэх хүсэлтэй байгаа вэ гэхэд 70-80 хувь нь кирилл гэсэн байсан. Энэ чинь ард түмний хандалтын судалгааны үр дүн. Ард түмнээс асуух юм ч бий, асуухгүй юм ч бий. Гэхдээ үүнийг асуух учиртай. Тийм судалгаа байхад одоо яагаад хүчээр шахаад байгаа юм бэ гэдэг өөрөө асуудал.

Манайхан энгийн шинжлэх ухааны ойлголтоо ойлгохгүй юм. Нөгөө л уйгуржин монголоо оруулна гэдэг бодлоосоо болоод түүний цаад талд ямар их хохирол учруулж байгаагаа мэдэхгүй байна. Орчин үед гарч байгаа асуудал, ирээдүйд гарах асуудлыг түүхээр шийддэггүй.

Германы руни бичиг гэж байгаа. Германчууд өнөөдөр руни бичгийг сэргээгээд явбал яах вэ. Оросууд бол эртний славян хэлтэй.

Тэр бичгээ хэрэглээгүйгээс ард түмнээс салчихсан байна гээд хэрэглээд эхэлбэл юу болох вэ. Улс орон урагшлах тусам үндэсний бичгүүд олноор гарч ирнэ. Бүгдийг нь орхидог. Үнэндээ бид нар утгагүй юм хийж байна. Тодорхой хэмжээнд хэрэглэх юмыг нийтээр нь хамруулж хүчиндэж байна. Манайхан хос бичиг гэж тайлбарлаад байгаа нь маш буруу.

-Уйгаржин бичгийг хамгийн удаан хугацаанд хэрэглэж ирсэн гэж албаны хүмүүс тайлбарлаад байгаа шүү дээ?

-Монголчууд XIII зууны үед хүчирхэг байх үед хэрэглэж байсан юм байна. Дараа нь дөрвөлжин бичиг зохиосон. XVI, XVII зуунд Монголд ямар түүхэн үйл явдал болов. Бараг бусдын колони болчихоо биз дээ. Тэр үед уйгуржин монгол бичгээр ямар эх оронч бүтээл бий болгосон юм бэ. Олон жил хэрэглэсэн гэхээр одоо хэрэглэ гэсэн үг биш. Тэгээд ч бүх улс орон өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан боловч түүнийгээ сольж, цаг үеэ дагаж ирсэн.

Уйгаржин бичиг бол Чингис хааны үед уйгуруудыг баривчлахад тамга олдсон. Бичиг байсан. Тэр нь уйгуржин бичиг. Тэгвэл манай түшмэлүүдэд заагаад өгчих гээд заалгаад хэрэглэсэн зээлсэн бичиг. Гэтэл 1269 онд Хубилай хааны үед дөрвөлжин бичгийг зохиож монголчуудын үндэсний бичиг болсон. Дараа нь соёмбо, тод бичиг гээд үргэлжилнэ. Үнэхээр бичиг үсгийн өдөр юм бол үүнийг бүгдийг нь ярих ёстой юм.

-Уйгаржин бичгийг ямар судалгааны үндсэн дээр 2025 оноос нэвтрүүлнэ гэсэн байдаг вэ. Хуулийн төсөл дээр ажиллаж байсан хүний хувьд та мэдэж байна уу?

-Энэ бол маш тооцоогүй он юм. Анх би энэ тухай хуулийн төсөл боловсруулах явцад Казахстан 2025 оноос латин хэлэнд шилжих гэж байна гэж жишээ татаж хэлээд л өнгөрсөн. Гэтэл шууд энэ тоог хуулаад 2025 оноос хос бичиг нэвтрүүлнэ гээд хуульд оруулчихсан байсан. Ингэхдээ хуулийн хамгийн хойно нууц маягаар оруулчихсан.

Ер нь бичиг үсгийг ингэж хүчээр тулгах ёсгүй. Хүчээр бичиг үсгийг сольдоггүй. Уйгаржин монголоор хэн шүлгээ бичээд дуугаа дуулаад байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан монгол бичгээр бичиж байна гэнэ. За яахав сурна биз. Харин би хоёр, гурван, дөрвөн гадаад хэл сурах ёстой. Монгол хэл гуйвчихаар гадаад хэлэнд хортой болж байна.

Гадаад хэлийг заах гэхээр буцаж арван жилийн монгол хэлний дүрмийг гадаад хэлний багш нарт зааж байна. Ингэж явсаар дөрвөн жилийнхээ ихэнх хугацааг алдаж байна. Өнөөдөр хэрэглэж байгаа хэлийг өнөөдрөөр нь аваад явах ёстой.

Бичиг соёлыг оролдох цөөн тооны урсгал байна. Олонх биш. Хэлний бодлогын зөвлөл дээр очиж тоглолт хийдэг, тэндээсээ мөнгө төгрөг авдаг. Монгол хэлний нөхөд чинь дүрэм журам зохиохоор хоорондоо хэрэлдээд баахан үсгийг өөрчилж хаяад бужигнаад зогссон. Толь бичгээ зохиож чадахгүй байна.

-Хос бичиг гэх хэллэг буруу гэж та дээр хэлсэн. Энэ талаар тодруулбал?

-Хос бичиг гэдэг нэг юмыг адилхнаар хоёр бичгээр бичихийг хэлдэг. Уул гэдгийг хоёр өөр бичгээр адилхан бичнэ гэсэн үг. Тэгвэл одоо бол уул гэж нэг бичээд, уйгуржнаар агул гэж бичиж таарах нь. Хоёр хэлний асуудал яригддаг болохоос хоёр бичгийн асуудал гэж байхгүй. Жишээ нь, Канадад нэг хэсэг нь франц хэлтэй, нөгөө нь англи хэлтэй. Канадууд франц, англи хоёрыг эх хэл шигээ мэдэж, зэрэгцэж байгаа хоёр хэлийг хос хэл гэнэ. Тэгэхээр энэ чинь хос бичиг биш.

Хоёр хэл явж байгаа юм. Эртний, орчин цагийн хоёр хэл гарч ирээд байна. Зүгээр ч нэг үсэг бичиг тогтоочихоод түүнийгээ нөхөөд биччих зүйл биш. Дэлхий дээр ийм тэнэг ард түмэн байдаггүй.

-Бичиг үсэг монгол хэлний нэг хэсэг гэлээ. Монгол хэлэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Улс орны хөгжил яагаад ийм сул дорой болчихов гэхээр ерөөсөө шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого алдагдсантай холбоотой. Үүний тулд судлаач эрдэмтэд нь бэлтгэгдсэн байх ёстой. Энэ асуудлаар бид дуу хоолойгоо ергөж, засаг төр удирдаж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд эрдэмтдийг түшье, зөвлөл байгуулъя гээд ярьж байна. Энэ бол сайн зүйл. Гэвч өнөөдөр мэргэжлийн гэдэг үгийг өмнө нь тавих юм байна гэж би бодоод байгаа юм.

Мэргэжлийн эрдэмтэд гэхгүй бол эрдэмтэн гээд энд тэнд доктор болсон хүмүүс өөрийнхөө мэдэхгүй салбар дээр очоод буруу зүйл хийж байгаа нь харамсалтай. Үүний нэг илрэл бол манай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа юм.

Хэлний бодлого гэдэг зүйл тухайн улс орон, үндэстэн өөрийнхөө хэлний талаар дотооддоо болон гадагшаа хандах бүх асуудлыг бодлогын түвшинд шийдэж явах ёстой. Энэ дотор зөвхөн монгол хэл ч байдаггүй юм. Гадаад хэлээ яах юм. Маш том цар хүрээтэй асуудал. Эцсийн эцэст үндэсний тусгаар тогтнолын баталгаа болж байгаа хэлийг яаж хамгаалж хөгжүүлэх вэ гэдэг асуудал болохоос монгол хэлний бичиг үсгийн асуудал биш.

Гэтэл үүнийг зохицуулах ёстой байгууллага нь бичиг үсэг, толь бичиг рүү орж үймүүлээд явж байна. Өөрсдөө боловсроогүй, мэдлэггүй. Мэргэжлийн хүнээ сонсооч гэхээр сонсдоггүй. Хэлний бодлогын докторууд арай өөр өнцгөөс ярина. Ийм өрөвдөлтэй өмчилчихсөн шинжлэх ухаан болоод бичиг үсгээрээ оролдож байна.

Тиймээс Монгол хэлний хуулийг хэн нэгэн зоригтой УИХ-ын гишүүн өөрчлөх хэрэгтэй.

Зураг