Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тусгажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр өргөн барьсан.

Энэхүү хуулийн төслийн 23.7.2-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэжээ.  Мөн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. 

Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32,100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1,289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

  • авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
  • авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;
  • салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;
  • авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.