Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян-Өлгий аймаг дахь казах иргэд байнгын айдас, хүйдэстэй амьдрах болоод байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Удирдахуйн ухааны магистр, улс төр судлаач К.Ханагайт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үндэсний цөөнх буюу казах иргэд оршин суудаг Баян-Өлгий аймагт ерөнхийлөгч байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Удирдахуйн ухааны магистр, улс төр судлаач К.Ханагайт "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор толгойлуулсан шударга бусын хонгил Баян-Өлгий аймагт оршин суудаг, үндэсний цөөнх болох казах иргэдэд ямар хор хохирол учруулсан талаар танилцуулахаар ирлээ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа улс орны ашиг сонирхлын төлөө бус харин хувийн ашиг сонирхлыг хамгаалах, нийцүүлэх гэсэн үйлдлүүдийг хийж ирсэн гэж би хардаг. Тодруулбал, Ц.Элбэгдорж болон тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар 2011 онд Баян-Өлгий аймагт Т.Батсүх гэж хүнийг прокуророор томилсон байдаг. Энэ хүн өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд аймгийн хууль зүйн хэлтсийн жирийн ажилтан байсан юм.

Тэрбээр шүүхийн шийдвэрээр ял авсан аймгийн гурван том хэргийг цагаатгаж, хэрэгт хохирсон хүмүүсээс нийт 360 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авсан байдаг.

Үүнээс гадна прокурор Т.Батсүх 15 эрүүгийн хүнд төрлийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эдгээрээс дурдвал, ОХУ-аас их хэмжээний зэвсэг оруулж ирж, яллагдсан гадны этгээдүүдэд тэнсэн харгалзах өгөөд нутаг руу нь буцаасан гэх мэтчилэн нийт 15 хүнд хэлбэрийн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан би Улсын Ерөнхий Прокурорт гомдол гарган хүргүүлсэн байгаа, ямар хариу үзүүлж, арга хэмжээ авахыг нь хүлээж байна.

Үүнээс гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа барилгын цэргийн анги хэмээн ард иргэдэд хэлж ойлгуулж, барилгын бус цэргийн анги болон тагнуулын тусгай салааг аймагт оруулж ирж суурьшуулсан байдаг. Үүнд аймгийн иргэд эмзэглэдэг ба байнгын айдас, хүйдэстэй амьдрах болоод байна" хэмээн ярьлаа.