Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын эдийн засаг ба хавханд орсон Улаанбаатар

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 4 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хот баасан гарагт улаан шороогоороо эргэв. Цаг уурын нөхцөл байдал гол хүчин зүйл хэдий ч манай нийслэлийн төлөвлөлтгүй байдал үүнээс дутахгүй том шалтгаан нь болохыг доор өгүүлнэ.

Дэлхийн эртний хотуудын нэг Урукийг археологичид ухаж гаргаж ирээд ихэд гайхсан учир нь тус хотын байшин барилгууд ханаараа нийлчихсэн байж. Байшин барих зардлаа хэмнэж, айлын нэг ханыг нөгөө айл нь бас нэг ханаа болгон ашигласантай холбоотой ийм хот бий болсон хэмээн хожим дүгнэсэн төдийгүй эцэстээ хүмүүс гэрлүүгээ орох гэж дээвэр дээгүүр явахаас аргагүйд хүрсэн сонирхолтой түүх байна. Өнөөгийн Улаанбаатарын төрх төсөөлөгдөж байгаа биз?

Тэндээс нийтийн эрх ашиг байхгүй бол хот бүрэлдэж чаддаггүй гэдэг үзэл санаа бий болжээ.

Харин хот яагаад байх ёстой вэ? Хүн амын төвлөрлийн өсөлтийг дагаж цар хүрээний эдийн засаг бий болдог буюу эдийн засаг төрөлжиж, улс орон хөгжих хөшүүрэг болдог.

Дэлхийн нийт ДНБ-ий 80-85 хувийг хотууд бүтээж буй тоо үүнийг батална.  

Тэгвэл хот байгуулалтад хөдөлмөрийн бүтээмж хамгийн чухал болохыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тодорхойлжээ.

АНУ, БНХАУ болон Европын орнууд хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хотжилтыг дэмжиж ирсэн байхад Монгол Улс Африк хоёр яг эсрэгээрээ явж байгаа гэдгээрээ төсөөтэй байгаа аж. Тухайлбал, БНХАУ хөдөө аж ахуйн салбартаа технологийн дэвшил, шинэчлэлийг түлхүү нэвтрүүлснээр тэнд ажиллах иргэдийн бүтээмж нэмэгдэж, санхүүгийн чадвар сайжирснаар хот руу нүүх зарчмаар дундаж давхарга нь өсөн нэмэгдсээр байна.

Харин Монгол Улсад яг эсрэгээрээ. Орон нутагт хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх нөхцөл үгүй тул иргэд илүү боломж хайн хөдөөнөөс дайжиж буй. Ийнхүү санхүүгийн чадавхгүй иргэд олноороо нийслэлд ирээд орон сууц худалдан авч чадахгүй тул гэр хорооллын цар хүрээг тэлж амьдарч байгаа загвар нь Африкт мөн үзэгдэж байгаа үйл явц аж.

Англи улс Африкт олон колонитой байсан тул зовлонг нь хамгийн сайн ойлгодог гэдэг утгаараа хотын эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх талаар Оксфордын их сургуулийн эрдэмтэн судлаачдаар судалгаа тооцоо хийлгэж, зөвлөгөө гаргажээ. Гол агуулга нь хотын хөгжилд шинээр хандаж, ХАВХНААСАА салах.

Хөгжих, хөгжихгүйн зовлон

 
Гэрэл зургийг MPA.mn

Хотод ХАВХ хэмээх зовлон бий. Хөгжөөгүй хотууд ядуугийн хавханд, хөрөнгөжсөнүүд нь хөгжлийн хавханд бас үдээтэй байх гачлантай аж.

БНХАУ-ын жишээг татъя. Хөрш учраас хамгийн ойр харж болох сургамж энд бий. Тус улс 60 сая иргэнээ дундаж давхарга руу оруулж чадсан нь атаархмаар. Хүмүүсийн худалдан авах чадвар сайжрахын хэрээр сүүлийн таван жилд цалин даруй хоёр дахин нэмэгджээ. Энэ нь тун таатай сонсдож буй ч нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хүчний зардлыг хоёр дахин өсгөсөн гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчид манай урд хөшид мөнгөө өсгөх хүндрэлтэй болсон аж. Хөгжлийн энэхүү хавх нь эдийн засгийн цааш тэлэх явцад нэг ёсондоо тээг болжээ.

Монгол Улсад мэдээж эсрэгээрээ. Товчхондоо Улаанбаатар хот таван төрлийн ХАВХ-нд зэрэг оржээ. Эдгээр хавхыг товч тайлбарлавал:

  1. Хэт шавааралдан түгжрүүлэх хавх

Улиг болтол ярьж буй тул энд тайлбар илүүц болов уу.

        2. Газар өмчлөлийн сул эрхийн хавх

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй болон зориулалтын бусаар ашиглаж буй 116 газар байгааг илрүүлж, зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын удирдлагад гаргасан талаар бид мэдээлсэн. Иргэд олон жилийн өмнө авсан газраа буцааж хураалгахгүй тулд хашаалж, дотор нь нүх ухах, эсвэл цементэн суурь цутгаж орхисноор тэр газар үнэгүйддэг. Эсвэл нийслэлийн бүтээн байгуулалтын талбайд газар нь орсон тул өндөр үнээр буцааж авах болдог. Ингээд чадахгүйгээс болж гацаа үүсдэг байдлыг хэлдэг аж.

        3. Дэд бүтцээ босголгүйгээр суурьшуулдаг хавх

БНХАУ дэд бүтэц цахилгаан ус бохироо эхэлж хийгээд төлөвлөөд дараа нь газруудаа зараад явдаг. Дэд бүтцээ хийж суурьшуулдаг. Гэтэл дэд бүтцээ хийхгүй бол дараа нь шугам тавих гэсэн миний газар дээр. Хураагаад авах гэхээр газар өмчлөлийн сул эрх нь тэнцчихсэн өгнө авахгүй гээд. Өөрсдөө гацаанд оруулаад хавханд унаж байгаа. Улаанбаатар Дарханд ийм мхандахгүй бол

         4. Албан бусын хавх

Уул гүвээ давтлаа хүрээгээ тэлсэн гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд иргэд дэлгүүр ажиллуулж, жижиг үйлчилгээ эрхэлж, чадахаараа л бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулж буй. Харамсалтай нь тэр нь төдийлөн томрох боломжгүй, томордог ч үгүй учраас тэр хүмүүс банк, татварын харилцаанд орох сонирхолгүй тул асар том сүүдрийн эдийн засгийг үүсгэдэг ажээ. Хот бүхэлдээ эдийн засгийн хавханд унаж байгаа гэсэн үг.

         5. Гадаад, дотоод зах зээл дээр зарах барааны өндөр өртгийн хавх

Одоо болтол Улаанбаатарт хот төлөвлөлтийн бодлого муу байгаа учраас 200 метр радиус дотор 2-3 том супермаркет, ресторан зэрэг байх нь элбэг. Цөөхөн хүнд зориулж энэ мэт хэт олон үйлчилгээ төвлөрөх нь эсвэл бизнесийг дампууруулж, эсвэл тэд нийлж өндөр үнэ тогтоох замаар иргэдийн халаасыг нимгэлдэг байна.



Эдгээрээс урган гарсан хавхууд ч Улаанбаатарт бий. Товчхондоо, дээрх хавхнуудаас тавигдахгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжихгүй гэсэн үг. Хотын эдийн засаг, хөгжил  зөвхөн хотын захиргаатай холбоотой бус Засгийн газар, УИХ-ын ч асуудал тул зоригтой шийдвэр хэрэгтэй. Нөгөө талаар, хавхнаас гарахын тулд олон нийт болон хувийн хэвшлийн түншлэл чухал бөгөөд нэг хүний биш, нийтийн эрх ашиг хамгаалагдаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх хөшүүргийг ашиглах л зам бий аж.

Эцэст нь, Улаанбаатар хотод эрс төлөвлөлт хийчих зоригтой, адаглаад хотын наад захын шаардлага болох сул шороотой талбайгаа зүлэг ногоо, чулуу, цементээр хучиж, хот шиг хот болгох чадамжтай Мээр гарч ирэхгүй байсаар байгаа тул нийслэлчүүд ийнхүү улаан шороондоо дарагдаж, хөдөө байгаагаас ялгаагүй амьдарсаар байх ажээ.