Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нэргүй: Хамгийн хэцүү нь манай дүү нарын шарилыг хөндөж, шинжилгээ хийсэн явдал

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйн хамтаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Нэргүй дараах тайлбарыг хийв. 

Тэрбээр "Манайх Эрдэнэтэд амьдардаг. Манай дүү 2007 оны үед эхнэр, хоёр хүүхдийн хамт, гэртэйгээ шатаж, нас барсан. Орхон аймгийн цагдаа нар болон онцгой байдлын газар "Цахилгаанаас үүссэн гал" гэсэн дүгнэлт гаргаснаар хэрэг хаагдсан.

Гэтэл энэ явдал болсноос хойш 5-6 жилийн дараа манай гэрт хүмүүс ирж, ээжтэй уулзахдаа дүүгийн талаар нэлээд юм асуусан байсан. Манай эмэгтэй дүү хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ байдаг юм. Түүнийг байхад ч хүмүүс ирж, юм асууж байгаад явсан. Өөрөөр хэлбэл, гэрт биднийг байхад хэн ч ирэхгүй хэрнээ зөвхөн манай эмэгтэй дүү, ээж хоёрыг байхад л ирдэг, асуудаг байлаа. 

Биднийг тагнаж, чагнаж байсан гэж би боддог. Жишээлбэл, би Өмнөговьд ажиллаад эргээд гэртээ ирсний дараа манай эмэгтэй дүү дээр тагнуулынхан ирж, намайг хаана байгааг асуусан байдаг. Дүү маань "Өмнөговьд байгаа" гэхэд нь "Үгүй, өчигдөр ирсэн биз дээ, байгаа газрыг нь зааж өг" гэсэн байсан. Манай дүү гэртээ ирснийг минь мэдээгүй байхад тэр хүмүүс мэдсэн байсан. 

Хамгийн хэцүү нь манай дүү нарын шарилыг хөндөж, шинжилгээ хийсэн явдал. Тухайн үед "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байна" гэж хэн нь ч хэлээгүй. 
Ингээд шүүх хурал болсон өдрөө манай эмэгтэй дүүг төлөөлөгчөөр нь оруулаад, та нар хоорондоо юу ч ярьж болохгүй гэж байнга гарын үсэг зуруулж авч байсан гэсэн. 

Сайд уучлалт хүсэж байгаад тааламжтай байна. Миний ээж 80 гарсан хөгшин бий. Нойрны эм уулгүй хонох байх гэж л бодож байна" гэв.