Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж бүхнийг зохион байгуулсан

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2258477807809128/

Сайд Ц.Нямдорж:

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. 

Гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. 

Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна.

Тэр "Паар" гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг.

Гэрч 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд 8 дугаар сард тэднийг хориод 9 дүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн тухай хэлсэн. Хэн бичлэг хийгээд, хэн устгаад яаж сэргээж байгаа юм бэ?

- Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна. 

Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.

-Содномдаржаа руу Амгаланбаатар гэдэг хүн хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Хэн Содномдаржаа руу мессэж бичээд байсан юм бэ?

- Амгаланбаатар нэлээд тамлуулж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн. 2014 он гараад мессэжүүд цувж эхэлсэн. 2008 оноос хоригдсон тэр хүн гар утас ашиглаж чаддаггүй. "Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй" гээд байгаа. 

Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

2000 оноос хойш огт ашиглаагүй зоорийн давхрыг ашиглаж, тагнадаг төхөөрөмжүүдээ суурилуулсан. Энэ ажлыг Тагнуулын байгууллагад дэслэгч байж байгаад гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хурандаа болсон хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан. Тэр хүнийг хорих гэхээр прокурорууд хамгаалаад байна.

-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

- Г.Эрдэнэбат гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Цаашаа хариуцлага тооцох уу, Хурц гэдэг хүн яах вэ?

- Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан.

- С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүн хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

- Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.