Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.
Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.
Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн байх юм.
Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригдана.
Хурдны замыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаагаа холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.
Эх сурвалж: ЗТХЯ