Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баярцэцэг: "Холливуд Монголд" наадмаар дэлхийн хэмжээний кино бүтээгчдийг урьж, туршлага судална

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Холливуд Монголд" төслийн багийнхан тавдугаар сард олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус наадам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 1-7-нд Улаанбаатар хотноо болох аж. Энэ үеэр “Кино Урлагийн Нэгдсэн Форум”, Холливудаас урилгаар ирэх уран бүтээлчид зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, хууль эрх зүйн орчин,  зэрэг өөр, өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтууд, “Монголын Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана. 

А.Баярцэцэг: "А" зэрэглэлийн уран бүтээлчтэй хамтран ажиллах алсын хараатай байна
 
Гэрэл зургийг mpa.mn

"Холливуд Монголд" төслийн удирдагч, "Хануй филм" ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг:

-"Холливуд Монголд" наадмын онцлог нь шилдэг кино уран бүтээл шалгаруулах биш бөгөөд дэлхийн хэмжээний кино бүтээгчдээс урьж, туршлага судлах зорилготой бөгөөд цаашлаад тэдгээр "А" зэрэглэлийн уран бүтээлчтэй хамтран ажиллах алсын хараатай байна. Наадмын бэлтгэл ажлыг сайтар хийж, өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байгаа учраас хоёр жил тутамд нэг удаа хийхээр төлөвлөсөн.

Мөн наадмын нэг онцлох үйл явдал нь Хэлли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөх багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний бичсэн “Дүр бүтээх увидас” номын нээлт наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 1-нд болно. "Дүр бүтээх увидас" ном нь Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном гэдгийг онцолмоор байна. 

Г.Мөнхбаяр: "Холливуд Монголд" наадам нь түүхэн арга хэмжээ болно
 
Гэрэл зургийг mpa.mn

"Холливуд Монголд" төслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр:

-"Холливуд Монголд" наадам нь түүхэн арга хэмжээ гэж болно гэж үзэж байна. Учир нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр анх удаа хүрэлцэн ирж байгаа. Энэ нь манай улсыг олон улсад сурталчлан таниулах ач холбогдолтой. Мөн Холливудын “А” зэрэглэлийн түвшинд ажилладаг хүмүүс ямар арга барилаар ажилладаг вэ, ямар ур чадварыг бий болгосон бэ зэргээс суралцах, судалж, мэдлэгийг  хуримтлуулах ач холбогдолтойгоороо Монголын кино урлагийг шинэ шатанд гаргахад түлхэц болох юм. 

Түүнчлэн ногоон эдийн засагт томоохон байр суурийг эзэлдэг аялал жуулчлал, кино урлагийн салбар нь салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, кино зураг авалт хийсэн газар нь аялал жуулчлалын урсгалыг бий болгодог. Тиймээс эдгээр уран бүтээлчийг Монголд кино зураг авалт хийхийг санал болгож, боломжийг нь бүрдүүлэхийг зорьж байна. Ингэхэд эрх зүйн орчин чухал тул кино хийхтэй холбоотой тухай хуультай ямар ач холбогдолтой вэ, хууль боловсруулахдаа юуг анхаарах хэрэгтэй зэргээр хэлэлцүүлэг хийнэ. Гаднын орнуудад тухайн улсад зураг авалт хийхээр төлсөн татварынх нь 30-40 хувийг буцаан олгодог тул уран бүтээлчдэд таатай нөхцөл болдог. 

"Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд урилгаар ирж буй Холливудын уран бүтээлчид:

  1. Ивана Чаббак- Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм.
  2. Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кийс Ван Оострум
  3. Продюсер Тим Коддингтон -  Мулан (Mulan), Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Нарниа (Narnia) зэрэг олон киноны продюсер хийж байсан.
  4. Найруулагч Дэвид Петрарка -  Хаадын тоглоом, Дайчин, Марко Поло зэрэг киноны найруулагчаар ажилласан.
  5. Rudy Youngblood- жүжигчин Апокалипто, Салхинд туугдагсад, Хоосрол зэрэг олон кинонд тоглосон.
  6. Иохим Зелл -Оскарын шагналт, өнгө хувиргагч Сэлмэн дээр гүйгч 2049, Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд, Карибын тэнгисийн дээрэмчид - Үхсэн хүн үг хэлдэггүй зэрэг олон кинонд ажилласан.
  7. Кастинг директор Попинг Аувеун  - Мулан, Мэг, Каратэ жаал зэрэг олон кинонд ажилласан.
  8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил - Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүгч
  9. Зураглаач Ваня Сернжүл - Галзуу баян азиуд, Марко Поло, Улбар шар бол шинэ Хар гэх мэт кинонд ерөнхий зураглаачаар ажилласан.
  10. Витаяа Пансрингарм - Шанхайн олон улсын кино наадмын шилдэг жүжигчин Зөвхөн бурхан л өршөөдөг, Мэг, Сүүлчийн гүйцэтгэгч зэрэг киноны жүжигчин
  11. Лойд Кауфман - Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирап (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
  12. Патришиа Свинни Кауфмаш - Нью Йоркийн Үндэсний Киноны Бүрэн Эрхэт Төлөөлөгч (New York State Film Commissioner)
  13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано- Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр, хамтран зохион байгуулагчаар “Green Travel” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байгаа аж.