Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Жи-тайм”-ын гол холбогдогч оргон зайлсан учраас дараагийн шатны арга хэмжээг авч чадахгүй байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас хэвлэлийн хурал хийж байна

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/254127908862865/

 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: Мөрдөн байцаах албанаас 2018 онд мөрдсөн хэргүүдийн талаар мэдээлэл хүргэе. Тус алба 2018 онд 23,597 гомдол хүлээн авч Шалгасан. Үүнээс 15,443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 7,810 гомдлыг хаахаар прокурорын байгууллагад шилжүүллээ. Нийт гаргасан гомдол мэдүүлгийн 99.8 хувийг хуулийн анхан шатны хугацаанд шийдвэрлэсэн байна.

Мөн онд нийт 20,722 хэрэг бүртгэлтийн хэргийг шалгасан. Үүнээс 9,448 хэрэгт холбогдох хүмүүст эрүү үүсгэн яллагдагчаар шалгасан. 80.2 хувийг шийдвэрлэн ажилласан.

Дээрх тоо баримтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг 3,877 буюу 56.5 хувиар, 4,504 буюу 47,6 хувиар өссөн мэдээлэлтэй байна.

2018 онд МБА-нд иргэн хуулийн этгээдэд учирсан  488.7 тэрбум төгрөгийн хохирлын 212.2 тэрбум төгрөг буюу 43.4 хувийг мөрдөн байцаах шатанд нөхөн төлүүлсэн.

Харин 2019 оны эхний хоёр сарын байдлаар манай алба гэмт хэргийн шинжтэй 4,069 мэдээлэл хүлээн шалгаснаас 3,783 буюу 93 хувийг шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлтийн 8,084 хэргийг хүлээн авсан. Үүнээс 1,938-д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Нийт 44.2 хувийг шийдвэрлэн бусад хэргүүд шалгагдаж байна.

Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан 296.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаагаас өнөөдрийн байдлаар 113.4 тэрбум төгрөг буюу 36.3 хувийг нь мөрдөн байцаах шатанд төлүүлээд байна. Энэ тоог 2018 оны мөн үетэй харьцуулбал хохирлын төлөлт 14.4 хувиар өссөн байна.

Онцлог гэмт хэргийн төрлийн үзүүлэлтийг 2018 оны эхний хоёр сарыг, 2019 оны эхний хоёр сартай харьцуулсныг  хүргэж байна.

  • Хүн алах гэмт хэрэг өнгөрсөн 1.6 хувиар өссөн
  • Залилах гэмт хэрэг 79.3 хувиар өссөн
  • Хүрээлэн буй орчны гэмт хэрэг 10.9 хувиар өссөн
  • Хулгайлах гэмт хэрэг 8.9 хувиар өссөн

Нийслэлийн нэг мөрдөгч сард дунджаар 70-75 хэрэг, хөдөө орон нутгийн мөрдөгч 35-40 хэрэг дээр ачаалалтай ажиллаж байна.

Өмнө нь үйлдэгдсэн илрээгүй хэргүүдийг илрүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд манай хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 1998 оны 12 сарын 24-нд Баянгол дүүрэгт иргэн Б 49 удаа хутгалагдаж нас барсан хэргийг тухайн үедээ 18 настай М гэгч итгээд үйлдсэн болохыг тогтоосон. Мөн өмнөх оны илрээгүй галт зэвсгээр үйлдэгддсэн хэргүүд болон өмнө нь тогтоогдоогүй олон хэргийг бусад судалгааны багтай хамтран тогтоож хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн нэн ховордсон амьтдыг хууль бусаар агнасан, худалдсан, борлуулсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Одоогийн хэрэгжиж байгаа шинэ эрүүгийн хуулиар нарийн зааж гөсөн бөгөөд гаршуулсан, чихмэл хийсэн зэргээр хуулийн хариуцлага тооцох тул иргэд анхааралтай байхыг сануулж байна.

Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн. Дүгнэлтээр олон төрийн бус байгууллага, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа ерөнхий стандартыг шинээр гаргаж, батлуулан үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Улсын хэмжээнд 960 барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр газруудад нэг жилд хэчнээн эд зүйл тавигдсан тоог танилцуулья. Үүнд:

  • Телевизор 2,826
  •  Нөөтбүүк 2,417
  • Мөнгөн аяга 31,456  
  • Алт монет мөнгө  68,579
  • Гар утас 5,466
  • Бусад эд зүйлс 35,735 ширхэг эд зүйл барьцаалан зээлдүүлэх газар тавигдсан байсан нь судалгаагаар гарсан. Эдгээр эд зүйлийг зах зээлийн доод үнээр бодож үзвэл жил 32 тэрбум төгрөгийн бараа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаар явагдаж байна.

Бид энэ тал дээр олон ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, Барьцаалан зээлдүүлэх газрын стандартыг батлуулснаар гарал үүсэл нь тодорхойгүй олон эд зүйлсийн гарал үүслийг тодорхойлж, эрсдэл бууруулах ажил хийгдэж байна.  

Хулгайн эд зүйлс дээр иргэдэд хандаж хэлэхэд гарал үүсэл нь тодорхойгүй зүйлсийг хэн нэгнээс битгий аваарай гэж хэлэх байна. Мөн цагдаагийн ерөнхий газраас https://smartdevicelink.com/ хоёр жилийн өмнө гаргасан. Тэгэхээр гар утас болон хөдөлгөөнт холбооны хэрэгсэлд холбогддог цахилгаан бараагаа IME хаягаар нь бүртгүүлсэн тохиолдолд гээсэн хаясан үед олох боломжтой болж байгаа юм тиймд иргэд сайн бүртгүүлэхийг дахин сануулъя.

Өнгөрсөн жил БОАЖЯ, ЦЕГ-тай хамтран Монгол Улсын хэмжээнд нийт хөндөгдсөн газрын тооллогыг бүрэн хийсэн. Улсын хэмжээнд 27,400 мянган га талбай ашигт малтмалын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн гэх тоо байна. 8,871 га талбайд огт нөхөн сэргээгдээгүй байна. Тиймд га талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэхээр энэ жил арга хэмжээг явуулна.

Иргэдэд анхааруулахад урьдчилаад мөнгө төлчихвөл гэдэг зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй

Гэрэл зургийг: MPA.mn

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Авто машины техник хэрэгслийн хулгай ихсэж байна. энэ тал дээр арга хэмжээ авах боломж  байгаа юу?

- Боломж бий. Гэхдээ иргэд төрийн байгууллагууд хамтарч байж үр дүнд хүрнэ. Авто машины хулгайлагдсан эд ангиуд тусгай газар худалдаалагддаггүй.  Гудамжинд явж байгаад л зардаг. Эсрэг авах авах арга хэмжээний тухайд хаана зарагдсан бэ гэдгийг нь тогтоогоод худалдаж авсан хүн нь бичиг баримт регистр гарал үүсэлгүйгээр авсан бол тэр хүн, байгууллагад хариуцлага давхар тооцож байгаа. Энэ үүргээ биелүүлэхгүй бол лангуу түрээслүүлэх эрхийг нь хасаж байгаа.

- БНСУ руу явуулах нэрээр залилах хэрэг үйлдэж байгаа хэрэгт яаж ажиллаж байна.

- БНСУ руу зорчих виз гаргаж өгнө гэж залилсан бүлэг этгээдүүд манайд ирээд тусгай хэсэг гаран ажиллаж байна. Энэ хэрэг шийдэгдээгүй байна. Энэ талаарх мэдээллийг эрүүгийн цагдаагийн албанаас авч болно.

- Сүлжээний залилах гэмт хэрэг ямар байна вэ?  

- Сүлжээний гэмт хэрэг сүүлийн үед нилээд гарч байна. Хамгийн том сүлжээний хэрэг болох  “Жи-тайм” сүлжээгээр хохирсон гэх 17,434 хүн байна. Монгол Улсын нэг иргэн Казахстан улсын нэг иргэн холбогдсон.  Гэхдээ холбогдох этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан ба олдоогүй байгаа. Тус хэрэгт нийт 6.9 тэрбум орчим төгрөг, 400 сая төгрөгийн үнэтэй машин, 3 тэрбум орчмын үнэтэй бараа бүтээгдэхүүнийг бид битүүмжилсэн байна.

Хохирлыг нөхөн төлүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлэн ажиллаж байна. Гол асуудал нь хэргийн холбогдогч оргон зайлсан учраас дараагийн шатны арга хэмжээг авч чадахгүй байна.

Хохирсон 11,000 хүнээс мэдүүлэг авахад 26 орчим тэрбум төгрөгийн хохирол гарч ирсэн.

Иргэдэд анхааруулахад урьдчилаад мөнгө төлчихвөл гэдэг зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй байна. Энэ чинь цаанаа санхүүгийн эх үүсвэргүй байна гэдгийг харуулж  байгаа шүү дээ.