Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Найман хорих ангид шалгалт хийжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хяналтын харьяа 8 хорих ангид “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж буй байдал”-ыг 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар шалгажээ.

2018 онд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 58,475,637,531 төгрөгийн гэм хорын хохирол төлбөрөөс 482,514,033 төгрөгийн төлбөрийг хоригдлуудын цалин хөлс, ар гэр болон бусад орлогоос барагдуулснаас 421 дүгээр нээлттэй анги 166,912,433 төгрөгийн төлбөрийг тус тус төлж барагдуулсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэмт хэргийн улмаас нийт 355 хоригдлын хүн, хуулийн этгээдэд учруулсан 59,658,591,955 төгрөгийн гэм хорын хохирол төлбөртэй байгаагаас 409 дүгээр хаалттай хорих ангид хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 42 тэрбум төгрөгийн, 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангид 15 тэрбум төгрөгийн хохирол төлбөртэй хоригдлууд ял эдэлж байгаа нь хохирол төлбөртэй нийт хоригдлын 83 хувийг эзэлж байна.

Төв аймгийн прокурорын газраас зохион байгуулсан “Хохирлоо төлөөд гэртээ харья” аян, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын байраар хангаж төлбөр барагдуулах тухай” 03/4176 дугаартай албан бичгийн хүрээнд хорих ангиуд нь анги хариуцсан прокурортой хамтран ажиллах төлөвлөгөө, хохирол төлбөртэй хоригдлуудын судалгааг гарган хамтран ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.

 

Дээрх ажлын хүрээнд хорих ангиуд нь гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хоригдлуудаас гаргуулах, тэдгээрийг хөдөлмөрлүүлэх, ажил мэргэжлийн дадлага олгох чиглэлээр Хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газарт болон өөрийн үйлдвэрлэлийн бүсэд гутал, зөөлөн эдлэл, сүлжмэлийн болон оёдлын үйлдвэрүүд, хувийн өмчит аж ахуйн нэгж, компаниудад хоригдлуудыг ажиллуулах замаар ажлын байраар хангаснаас гадна зарим хоригдлуудыг сургалтын төвд дархан, мужааны мэргэжилд сургаж дадлагажуулан, эрхэлсэн хөдөлмөрийн хөлснөөс нь суутгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэн хохирол төлбөрт суутгажээ.

401, 409 дүгээр хаалттай хорих анги, 421, 441 дүгээр нээлттэй хорих ангиуд нь өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй бөгөөд хохирол, төлбөрийг хоригдлын цалин хөлснөөс барагдуулж буй байдал бусад хорих ангиудаас өндөр хувьтай гарчээ.

Мөн хохирол төлбөрийг төлүүлэх, гэмт хэргийн хор уршгийг тайлбарлан таниулах чиглэлээр сургалт, яриа таниулга хийж, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулснаар хуульд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдах боломжийн талаар хоригдлуудын ар гэрийнхэнд нь тайлбарлан өгч, иргэдэд тодорхой мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Шалгалтаар зарим Хорих ангийн удирдлагын зүгээс хоригдлын битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг барагдуулах талаар төдийлөн идэвхи, санаачлага гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажил зохиогоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1, 191.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй зөрчил илэрчээ.

Дээрх шалгалтын дүнг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд “..хоригдлуудын битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах замаар хохирогчийн эрхийг хангах, улсын орлогод төвлөрүүлэх төлбөрийг даруй төлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллуулах, цаашид өөрийн гэсэн үйлдвэрлэл байхгүй хорих ангид хоригдлыг ял эдлэх хугацаанд үнэлгээтэй цалинтай ажлын байр бий болгох, хорих ангийн аж ахуй, үйлчилгээний хэсэгт хөдөлмөр эрхэлж буй хоригдлуудад цалин хөлс олгуулах, хохирол төлбөртэй хоригдол болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй хамтран ажиллаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон холбогдох хорих ангиудын удирдлагуудад албан бичгээр үүрэг чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.