Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусан доторх камеруудыг зургаадугаар сарын 1-нээс өмнө бүрэн ажилладаг болгоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Улааанбаатар смарт карт” ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөллийг оролцуулан автобусан доторх телекамерын хяналтыг сайжруулах зорилготой зөвлөгөөн зохион байгууллаа. 

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн системийг 2015 оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд бүртгэлтэй бүх автобусанд буюу 1,200 гаруй том оврын автобусанд телекамер суурилуулсан байна. Ингэхдээ нэг автобусанд 3-4 ширхэг камер суурилуулжээ. 

Гэвч өнөөдрийн байдлаар 1,200 гаруй камерны 80 гаруй хувь нь ажиллахгүй байгааг албанынхан хэлж байна.  

Энэ нь нийтийн тээвэрт үйлдэгддэг хулгайн гэмт хэргийн тоо нэмэгдэх, уг хэргийг илрүүлэх зэрэгт сөргөөр нөлөөлж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Тиймээс тал бүрийг оролцуулсан зөвлөгөөнийг ийнхүү зохион байгуулж байгаа аж. 

Тус зөвлөгөөний үр дүнд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар боллоо.

"Нийтийн тээвэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт өссөөр байна"

 

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ “Нийслэлийн Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт ихэссэн. Дан ганц халаасны хулгай гэхгүй, нийтийн тээврийн чанар стандартыг сайжруулах, соёлтой үйлчилгээ хүргэхэд зориулж энэхүү хамтарсан уулзалтыг зохион байгуулж байгаа юм. 

Гол асуудал бол нийтийн тээврийн камержуулалт. Камержуулалт гэдэг бол жолоочийн сахилга хариуцлагаас эхлээд иргэдийн аюулгүй байдалтай холбоотой. Камержуулалтыг сайжруулснаар нийтийн тээвэрт үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх ач холбогдолтой юм. 

Халаасны хулгайн гэмт хэрэг нь нийт хулгайн гэмт хэргийн 17-18 хувийг эзэлдэг. Гэмт хэргийн гаралт 44 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч нийтийн тээвэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт өссөөр байна.  

Халаасны хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбооны хороо, үүрэн телефоны операторуудтай хамтраад шинэ програм нэвтрүүлэх гэж байна. Гуравдугаар сарын 1-нээс туршилтын журмаар эхэлсэн.

Энэ нь иргэд гар утсаа бүртгүүлээд алдсан тохиолдолд ямар утсанд орсон гэдгийг мэдээллэдэг, утас олдох боломжийг бүрдүүлж буй систем юм. Энэ ажил удахгүй хэрэгжинэ. Ингэснээр гар утас алдагдах явдал тодорхой хэмжээгээр буурна" гэлээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээг онлайн камераар хянах боломжтой болно 

 

Нийтийн тээврийн газрын Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээвэрт камераар тавьж буй хяналтын сайжруулах зорилгоор 2018 оны аравдугаар сараас таван ширхэг онлайн камер ажиллуулж эхэлсэн. Онлайн камераар тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа.

Цаашлаад одоо байгаа камеруудыг онлайн хэлбэрт шилжүүлэх ажил явагдаж байна. Онлайн гэдэг нь тухайн цаг мөчид болж байгаа үйл явдлыг шууд дамжуулна гэсэн үг юм. Одоо бол камерын бичлэгийн орой эсвэл маргааш нь шүүж үздэг. 

Автобусанд суурилуулсан камерын ажиллагааг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцдаг. Тэр дотор болж байгаа гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага хариуцна.

Харин Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн улсын байцаагч нар нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдээ хянаж ажилладаг” гэв. 

“Жолооч нар бэлэн мөнгө авдаг үйлдлээ нуухын тулд камерыг ажиллагаагүй болгож байна”

 

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнэ “2015 оны долоодугаар сараас анх төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой манай компанийн зүгээс 1,340 тээврийн хэрэгсэлд камер суурилуулсан. Үүний өртөг нь нэг тэрбум орчим төгрөг болж байсан. Нэг тээврийн хэрэгсэлд дөрвөн камер суурилагдсан. Нэг нь зам руу, нөгөө нь орох хаалга руу, гурав дахь камер нь заал руу, дөрөв дэх нь заалнаас урагшаа бичлэг хийгдэхээр суурилагдсан. 

Камеруудын хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг манай компани хариуцаж явдаг. Тухайн ААН-ийн буруутай үйл ажиллагаанаас болж камер эвдэрсэн бол бид нэхэмжилж камерыг нь засч өгдөг. Бидний буруугаас болсон бол бид үнэгүй засч өгнө гэдэг гэрээтэй. Одоогоор ААН-нээс дуудлага өгсөн тохиолдол бид камер засварлаад явж байгаа. 

Нийтийн тээврийн хэрэгсэл 100 хувь картаар үйлчилдэг болсон. Гэтэл бэлэн мөнгөтэй холбоотой зөрчил байсаар байна.

Өөрөөр хэлбэл, карт уншуулахгүй бэлэн мөнгө жолоочид өгч байна гэсэн үг. Энэ үйлдлийг нуун дарагдуулахын тулд камерын утсыг салгах, хард дискийг нь салгах, доторх картыг нь авах зэрэг тохиолдол маш их гардаг. Ийм тохиолдолд Нийтийн тээврийн газар бодлогоор хангаж өгч байх ёстой болов уу гэж бодож байна” гэлээ.