Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

AНУ-ын засаг захиргаа “Исламын улс” бүлэглэлийн бэрийг хүлээж авахгүй гэдгээ дахин илэрхийлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсаас “Исламын улс” террорист бүлэглэлд элсэхээр явсан Хода Мутанаг буцааж ирүүлэхгүй гэдгээ өчигдөр дахин илэрхийлжээ.

Одоо 24 настай Мутана 2014 оны арваннэгдүгээр сард Алабама дахь гэрээсээ нууцаар Сирийг зорьж, террорист байгууллагад элссэн юм. Тэр Сирид байхдаа зэвсэгт бүлэглэлийн гишүүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн бөгөөд нөхөр нь сүүлд тулаанд амь үрэгджээ.

Мутана тухайн үед твиттер сүлжээгээр америкчуудад терроризмыг сурталчилж, “ачааны автомашин түрээслээд хүмүүс рүү дайрч, аль болох олон хүний амийг хөнөөх”-ийг уриалж байсан юм.

Гэвч арванхоёрдугаар сард тэр 18 сартай хүүгийн хамт “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай зугтаж яваад Курдын зэвсэгт бүлэглэлд олзлогдсон байна. Одоо тэр Курдын хяналтын бүс дэх дүрвэгсдийн хуаранд хоригдож байгаа.

Өөрийгөө АНУ-ын иргэн гэж үздэг Мутана эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Тэрээр “Исламын улс” бүлэглэлд элсэж, терроризмыг сурталчилж байсандаа харамсаж байгаагаа илэрхийлж, буруугаа хүлээсэн юм.

Майк Помпео өчигдөр Айовагийн радио сувагт ярихдаа “Энэ эмэгтэй онлайнаар АНУ-ын иргэдийн амийг хөнөөх оролдлого хийж байсан. Тэр жихадыг сурталчилж, автомашинаар америкчууд руу дайрахыг уриалж байсан хүн. Тэр АНУ-ын иргэн биш. Бид гадаадын террористыг АНУ-д ирүүлэх ёсгүй” гэжээ.

Мутанагийн аав охиноо АНУ-ын иргэн мөн гэдгийг батлахаар Вашингтоны засаг захиргааг шүүхэд өгөөд байна. Тэрээр Мутанаг мэндлэх үед буюу 1994 онд Йемен улсаас НҮБ-д суух дипломат төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Хуулийн дагуу гадаадын дипломатын АНУ-д мэндэлсэн хүүхдэд иргэншил олгодоггүй. Гэхдээ Мутанагийн аав тухайн үед дипломат албанаас чөлөөлөгдөөд удаагүй байснаа баталж байгаа юм.

Гэвч НҮБ түүний чөлөөлөгдсөнийг 1995 онд АНУ-ын засаг захиргаанд мэдээлж байсан нь өнөөдөр Мутанагийн иргэншлийн асуудлыг эргэлзээтэй болгож байна.

АНУ-ын хууль зүйн яам өчигдөр бас Помпеогийн мэдэгдлийг баталж, Мутанаг “хэзээ ч АНУ-ын иргэн байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Засгийн газар Мутанад өмнө нь АНУ-ын иргэний паспорт өгч байсан ч энэ нь алдаа байсныг тайлбарлаад 2016 онд хүчингүй болгож байжээ.

Ийнхүү нялх хүүхэдтэй, бэлэвсэн залуу бүсгүй Хода Мутана дайн дажны хөлд нэрвэгдсэн эцэг өвгөдийнхөө нутаг Йеменийг зорихоос өөр сонголтгүй болоод байна.

 

Эх сурвалж: Business Insider