Хамгийн анх 1973 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Моторола компанийн ажилчин Мартин Бэлл дэлхийн хамгийн анхны гар утасны дуудлагыг хийж байсан түүхтэй. Тэр үеэс хойш 50 орчим жилийн хугацаанд дэлхий дээр гар утас хэрэглэгчдийн тоо таван тэрбумд хүрч, үүний тал хувь нь "ухаалаг" гар утас хэрэглэж байна.
Улс орнуудын интернэт, цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
Тодруулбал, БНСУ-ын нийт насанд хүрэгчдийн 95 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг бол үлдсэн таван хувь нь энгийн утастай аж. Тэгвэл Энэтхэг улсын насанд хүрэгчдийн 75 хувь нь ухаалаг утас ашигладаггүй гэсэн тоо байна. Тус улсын насанд хүрэгчдийн ердөө 40 хувь нь л гар утас хэрэглэдэг гэсэн тооцоолол гарчээ.
График 1. Улс орнуудын гар утас хэрэглэж буй насанд хүрэгчдийн хувь:
Энэхүү графикаас харахад Израил, Нидерланд, Швед зэрэг улсын насанд хүрэгчдийн 85-аас дээш хувь нь ухаалаг гар утастай байгаа бол хоёр хувь нь утас огт хэрэглэдэггүй аж.
Харин Польш болон ОХУ-д ухаалаг гар утасны хэрэглээ бусад улстай харьцуулахад бага байгааг харж болно.
Түүнчлэн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн томоохон орнуудын нэг болох Канадын насанд хүрэгчдийн гуравны нэг нь ухаалаг утас хэрэглэдэггүй нь ихэд анхаарал татаж байна. Энэ нь тус улсын зарим суурин газарт интернэт холбогдоогүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
График 2. Улс орнуудын насанд хүрэгчдийн утасгүй болон ухаалаг бус гар утас хэрэглэгчдийн тоо:
Дээрх графикт ухаалаг гар утас хөгжиж буй орнуудад томоохон шинэ зах зээл бий болгож байгааг харуулж байна. Мөн БНХАУ болон Энэтхэг улс одоогоор АНУ-аас гар утасны хэд дахин том зах зээлтэй, үйлдвэрлэгч болоод байгаа юм.
Түүнчлэн гар утасны хэрэглээний талаарх дээрх судалгааг явуулсан "Pew" байгууллагаас гаргасан судалгаагаар хөгжсөн болон хөгжиж буй орнуудын 35-аас доош насны, илүү боловсролтой, өндөр орлоготой залуус ухаалаг гар утас илүү эзэмших хандлагатай байдаг нь тогтоогдсон байна.
Манай улсын хувьд үүрэн утас хэрэглэгчид өнгөрсөн жилийн есдүгээр сард давхардсан тоогоор 4.1 сая болж, 505.5 мянган хэрэглэгчээр өсжээ.
Эх сурвалж: World Economic Forum