Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гар дээрээ хэдэн удаа суниаж байгаагаар зүрх судасны өвчлөлийн эрсдлийг тооцоолж болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчлөлийг бууруулах чухал арга гэдгийг хүн бүр мэднэ.

Тэгвэл Харвардын их сургуулийн судлаачид өвчний эрсдлийн түвшинг дасгал гүйцэтгэх чадвараар хэмжиж тодорхойлох аргыг ажиглалтаар олж тогтоожээ.

Тэдний судалгааны тайлан өнгөрсөн Баасан гарагт “The Journal of the American Medical Association” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Судлаачид АНУ-ын Индианагийн 1,104 гал сөнөөгчийн 10 жилийн турш эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдсан үр дүнг судалгаандаа ашигласан юм. Гал сөнөөгчдийн эрүүл мэндийг эмч нар тогтмол шалгахдаа гар дээр суниах сорил авдаг байжээ.

Нэг минутын хугацаанд гар дээрээ хэдэн удаа суниаж чадаж байгааг нь тоолдог байсан гэсэн үг. Гал сөнөөгчдийн зарим нь хангалттай олон удаа суниадаг бол зарим нь цаг дуусахаас өмнө ядарч зогсдог байжээ.

Энэ ажиглалтаас дүгнэвэл нэг минутын хугацаанд 10-аас бага удаа суниадаг хүмүүсээс 40 ба түүнээс дээш удаа суниадаг хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн түвшин 96 хувиар бага байсан гэнэ.

“Тусгай багаж төхөөрөмж шаардахгүй, ямар ч зардалгүй, хоёрхон минутын дотор гүйцэтгэж болох, эмч өвчтөн хоёуланд нь ойлгомжтой эрүүл мэндийн үзлэг бол гар дээр суниах юм” гэж судалгааны тайланд бичжээ. Мэдээж энэ аргаар хүний зүрхний эрүүл мэндийг бүрэн тодорхойлох боломжгүй.

Гэхдээ үүнийг хүн эмчид очилгүйгээр биеийн эрүүл мэндээ тогтмол хянаж болох хамгийн энгийн арга гэж Харвардын судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Quartz