Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан УИХ-ЫН 4 ГИШҮҮНИЙ ГАРЦААГҮЙ ҮНДЭСЛЭЛ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ.

Тэднийг чухам ямар үндэслэлээр ийнхүү бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах болсон нь тодорхойгүй байсан юм.

Харин өчигдөр эхэлсэн Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дөрвөн гишүүнийг ямар үндэслэлээр яллагдагчаар татах гэж буйгаа тайлбарласан юм. 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тайлбарыг хүргэж байна. 

Тэрбээр "ЖДҮХСанд анх 1,041 материал орж ирсэн байгаа. Тэднээс шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 төсөл үлдсэн. Үлдсэн 431 төслөө дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь зээл олгосон байна. Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд.

Тэгтэл яахаараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад зээл олгочихож байгаа юм бэ. Нөгөө тэгш байдал гэдэг зүйл хаана байна вэ. Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглахыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хүн яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа. Энэ бол яах ч аргагүй гэмт хэрэг. 

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор  нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ. 

Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гуай барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Ийм л буруу юм хийсэн дээ.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна" гэсэн юм. 

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ танилцуулсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавин ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд

 

“УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэв. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 

 

“2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Солтан

 

"Байнгын хорооны эрхэм гишүүдээ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэлээ.