Энэ сарын 8-нд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд 47 хүнтэй нийтийн тээврийн автобус, сумаас 10 км зайтай орох хаалга мөргөж, зам тээврийн осол -гарсан. Ослын улмаас хоёр хүн газар дээрээ амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн. Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн Замын-Үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийлээ.
Өчигдөр орой /2019.01.09/ 37 өвчтөнийг эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч ирсэн.
Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд ГССҮТ-д хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй. Харин 4 өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцлаа.
Замын-Үүд суманд байгаа гурван өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон. Өнөөдөр 17:00 цагт Улаанбаатарт газардах юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!