Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Кредит ББСБ-ыг IPO хийхийг зөвшөөрлөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ард кредит ББСБ ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцааг бүртгэж, үүний 25 хувь буюу 70 сая ширхгийг нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрчээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) 2019 оны анхны ээлжит хуралдаан өнөөдөр болж энэ асуудлыг шийдсэн байна. 

 Энэхүү шийдвэр гарснаар үнэт цаасаа нийтэд санал болгон гаргаж буй хоёр дахь банк бус санхүүгийн байгууллага болж байгаа юм. 

Компани нийтэд санал болгон арилжаалах 50 хувь буюу 35 сая ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид, мөн 50 хувь буюу 35 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар тус бүрийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах юм байна. 

Мөн хуралдаанаар, “Ард даатгал” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн “Дэвжих хөгжил ББСБ”, “Хөгжих капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай асуудлуудыг хэлэлцэн зөвшөөрч, “Заг чандмань ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар СЗХ мэдээллээ.