Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ганболдын нийтэд дэлгэсэн ээлжит НОЦТОЙ ДӨРВӨН МЭДЭЭЛЭЛ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд өчигдөр буюу Даваа гарагт “C1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон билээ. Энэ үеэрээ тэрбээр дахин  хэд хэдэн ноцтой мэдээллийг нийтэд ил болгосныг эмхэтгэн хүргэж байна. 

нэг. 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний нэг хэсэг

Т.Ганболд анх 2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгээр орох үедээ дөрвөн сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын компанийн дансанд шилжүүлсэн тухайгаа дэлгэсэн. 

Тэгвэл энэ мөнгө нь Ерөнхий прокурортой холбоотой мөнгөний зөвхөн нэг хэсэг гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, Н.Ганболдын шилжүүлсэн мөнгөний нийт хэмжээ есөн сая ам.доллараар хэмжигдэж байгаа тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултыг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд бүх баримтын хамтаар мөрдөн байцаалтаар шалгагдаж байгааг хэлсэн юм. 

Хоёр. “Алтан Дорнод Монгол”-ыг авахаар санаархаж байсан экс прокурорын өмнүүр орсныхоо төлөө төлсөн “ёндоо”

Т.Ганболд нэвтрүүлгийн үеэр “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авсан гэрээгээ анх удаа нийтэд үзүүлсэн. Бүр гэрээний үнийн дүн, төлбөрийн баримтыг дэлгэсэн билээ.

Уг баримтаар бол “Алтан Дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Паушокоос 18 сая ам.доллараар худалдан авах гэрээг 2011 оны есдүгээр сарын 9-нд хийсэн бөгөөд мөнгийг 100 хувь шилжүүлж, тооцоо дууссан баримтыг үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ компанийг худалдан авахтай холбоотойгоор дахин ямар нэгэн мөнгийг хэн нэгэнд төлөх өртэй үлдээгүй гэдгээ тодотгов. 

Гэвч 2007 оноос хойш Паушоктой холбоотой байж, уулзаж, ярилцаж, компанийг нь худалдан авсан нь улсын Ерөнхий прокурор асны өмнүүр орсон хэрэг болж хувирсан тул ёндоо болгож дээд дурдсан мөнгийг өгөхөд хүрсэн гэж Т.Ганболд ярилаа. 

Гурав. Д.Дорлигжав зурагтаар худал ярьж, “Голомт” хуурамч бичиг үйлдсэн үү

Т.Ганболдыг “Ам нээвэл” нэвтрүүлгээр орсны дараа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав “Eagle” телевизээр ярилцлага тайлбар өгөхдөө дүүгийнх нь компанийн дансанд “Алтан Дорнод Монгол” компаниас хоёр сая ам.доллар андуурагдаж орж ирсэн, энэ талаар “Голомт” банк албан бичиг гаргаж өгсөн бөгөөд мөнгө нь буцаад компанийнхаа данс руу шилжсэн тухай тайлбар хэлсэн байдаг. 

Тэгвэл Т.Ганболдын өчигдрийн ярилцлагаар андуурч ямар нэгэн мөнгө огт шилжүүлээгүй бөгөөд Д.Дорлигжавд “зориулж” шилжүүлсэн мөнгөнөөс нэг цент нь ч эргэж компанийнх нь данс руу орж ирээгүй гэсэн тайлбар хийв. 

“Голомт” банкны албан бичгийн тухайд тэрбээр Ерөнхий прокурорын шахалтаар үйлдсэн хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Түүгээр зогсохгүй өмнө нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхад нь өөрийнх нь гарын үсэггүйгээр “Голомт” банкных нь дансанд орж ирсэн орлого гарсан байсан түүхийг ч ярив. 

Дөрөв. Дахиад АТГ

АТГ-аас сар бүр цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийдэг. Тус газраас арванхоёрдугаар сард хийсэн ээлжит хурлын үеэр Д.Дорлигжавыг шалгаж байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Нийтэд энэ талаар мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гарсан тул уулзаагүй байгаа” хэмээн хариулсан билээ.

Тэгвэл үүнийг Т.Ганболд няцаахдаа “Би АТГ-т  өөрөө өргөдлөө өгчихөөд, мөрдөн байцаагчтай нь харьцаад, мөрдөн байцаагчид нь материал хүргэж өгөөд явж байхад ээлжит мэдээлэл хийх үеэрээ зугтаад алга болсон мэт ярьсан. Энэ бол төрийн албаны ёс зүйгүйгээр эзэндээ үнэнч байх хэлбэрийн илрэл” гээд АТГ өөрийг нь дуудаагүй, өөрөө тус газарт хандаж, энэ талаар хууль хяналтынханд мэдээлэл өгснөө дурдав. 

Ямартай ч Т.Ганболдын өгсөн мэдээллүүдийн дагуу эсэх нь тодорхойгүй ч Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамт АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байна.