Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболдын задруулсан ГУРВАН ДУУЛИАН

Б.Ану
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд  өчигдөр "25-р суваг" телевизийн "Ам нээвэл" ярилцлагын зочноор оролцсон билээ. Энэхүү ярилцлагын үеэр тэрбээр хэд хэдэн ноцтой баримт дурдаад байгааг дор тоймлон хүргэж байна. 

1. 60 тэрбумын хэрэг ба анхны зохиогчийн эрх

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш дуулиан дагуулсаар байгаа 60 тэрбумын хэргийн анхны зохиогч нь одоогийн Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах Зөвлөлийн дарга Т.Доржханд байсан тухай Т.Ганболд ярив.  60 тэрбумын хэргийн бичлэгийг задалсан Доржзодов ХҮН-д оролцоотой байсан байна. Т.Доржханд нь тухайн үеийн сонгуулийн хувь тэнцүүлсэн хувилбар буюу намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн эрхийг мөнгөөр зарах тухай саналыг санаачлан намын нөхөддөө танилцуулж байсан талаар Т.Ганболд ярилаа. 

2. Дөрвөн сая долларын шилжүүлэг авлига БАЙСАН уу?

Т.Ганболд "Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн нь үнэн. Энэ талаар Х.Тэмүүжин сайдаасаа буух үедээ нийтэд дэлгэж байсан.  Хэрэг шалгагдаж байгаа учраас би үүнээс илүү тайлбар хийх боломж алга" гээд тэрбээр компанийнхаа Голомт банк дахь данснаас 4 сая доллар гарсан нь үнэн гэв. 

Х.Тэмүүжин энэхүү хэргийг дэлгэхэд тухайн үед сөрөг хүчин байсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат хэргийн мөрөөр дуулиан үүсгэж нийтэд дэлгэхээр ирж уулзсан ч дахиж энэ талаар нэг ч яриа гаргаагүй нь ямар учиртай байсныг мэдэхгүй гэж Т.Ганболд ярилаа. 

3. ИЗН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүйн тулд зохиомол хэрэг үүсгэсэн үү?

Т.Ганболд нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн үеэл бөгөөд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед шоронд орсон тухайгаа ярилаа. Тэрбээр С.Дэмбэрэлийн УИХ дахь кнопыг ашиглахын тулд Т.Ганболдыг шоронд хийж байсан тухай ярьсан юм. Жишээ нь, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой буюу УИХ-д суудалтай байсан Иргэний Зориг Намыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хэрэг үүсгэж сонгуульд нэр дэвшигчдэд мандат олгож дууссан өдөр нь эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож улстөрийн барьцаанд оруулж байсан тухай ярилаа.