Оросоос авсан С-400 системээ Хятадын арми анх удаа туршсан нь амжилттай болжээ
ОХУ-аас худалдаж авсан хамгийн орчин үеийн агаараас хамгаалах С-400 системийг Хятадын Ардын Чөлөөлөх Арми амжилттай туршсан болохыг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал С-400 Триумф агаараас хамгаалах системийг өнгөрсөн сард туршихдаа 250 км-ийн алсад секундэд 3 км хурдтай яваа баллистик пуужин орлуулагч байг устгаж чадсан байна.
2015 онд хоёр улс С-400 системийг нийлүүлэх $3 тэрбумын дүнтэй гэрээ байгуулж, өнгөрсөн долдугаар сард Хятадад хүргэж, суурилуулсан юм. Тэр цагаас хойш анх удаа туршсан нь энэ ажээ.
Хятадын армид өмнөх С-300 загварын хамгаалах систем арав гаруй жил ашиглагдаж байгаа. Харин дараа үеийн С-400 загварыг худалдаж авсан анхны улс нь Хятад болж байв.
Өнгөрсөн аравдугаар сард Делид хийсэн Владимир Путины айлчлалын үеэр Энэтхэг улс мөн С-400 системийг худалдан авах $5 тэрбумын гэрээ байгуулсан юм. С-400 агаараас хамгаалах систем нь 600 хүртэл километрийн зайд 10 метрээс 27 км-ын өндөрт яваа баллистик пуужин, нисэх онгоц, дронуудыг устгах чадвартай юм.
Мөн тус бүр 4,800 метр/секунд хүртэл хурдтайгаар хөдөлж буй 36 ширхэг байг 72 ширхэг газар-агаар ангиллын пуужингаар нэг зэрэг устгах чадвартай систем ажээ. Туршилтын тухай мэдээллийг Хятадын талаас биш, ОХУ-ын хэвлэл эхлэн тараасан нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа ямар түвшинд хүрснийг Вашингтонд харуулах зорилготой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

