Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдааныг тэргүүллээ

Б.Зул, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ.

Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүжээ. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхимд болон алдарт Мариинский театрт болсон байна. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж буй юм.

Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа аж. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, Данкайро гэх мэт дэлхийн сонгодог дуурийн дүр болон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Үүнээс гадна олон улсын уралдаанд удаа дараа оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм.

Түүний амжилтыг дурдвал,

  • 2007 онд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын тавдугаар уралдаанд II байр, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит X уралдаанд гран при шагнал,
  • 2011 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэд байр,
  • 2012 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанаас гранпри шагнал,
  • 2012 онд Д.Бандийн нэрэмжит ари романс дуулаачдын уралдаанаас гранпри шагнал,
  • 2013 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр,
  • 2013 онд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байр,
  • 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд II байр,
  • 2014 оны есдүгээр сард Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын дуурийн долдугаар уралдааны тэргүүн байр
  • 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр,
  • 2017 оны есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр,
  • 2017 онд Австри улсын Вена хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас дэд байр эзэлсэн.
Зураг