Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл мэддэггүй өрсөлдөгчдөө гоочилсон Америкийн мисс уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тайландад болж буй Miss Universe тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцогч Сара Роуз Саммерсын хийсэн видео бичлэг хүмүүсийг нэлээд бухимдуулсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Тэрээр бусад улсын миссүүдийг англи хэл мэддэггүй хэмээн гоочлон ярьж, шоолж байгаа нь уг бичлэгт дүрслэгдэж, сошиал ертөнцөд тарсан юм.

Тухайлбал Саммерс Камбожийн миссийг ганц ч англи үг мэдэхгүй, Вьетнамын миссийг англи хэл мэддэг мэт дүр эсгэдэг гэх зэргээр Колумби, Австралийн миссүүдтэй хов жив байдлаар шагшран ярилцаж байв.

Дэлхийн олон орны иргэд, тэр дундаа Америкчууд Саммерсын болчимгүй үйлдлийг шүүмжилж, олон улсын арга хэмжээнд оролцож байгаа бол бусад улс үндэстний соёл, онцлогийг хүндэтгэх ёстойг сануулж байлаа.

Тэгвэл АНУ-ын 2018 оны мисс бүсгүй өчигдөр буюу Баасан гарагт өөрийн Инстаграм хуудсанд уучлал гуйсан мэдэгдэл бичжээ.

Тэр мэдэгдэлдээ Miss Universe тэмцээнийг “дэлхийн орон орны бүсгүйчүүд харилцан бие биеийн соёл, амьдралын онцлог, үзэл бодлоос суралцах боломж” гэдгийг ойлгож байгаагаа батлаад бусад оролцогчидтой хүндэтгэлгүй харьцсандаа уучлал гуйсан байна.

“Миний амьдрал, найз нөхөрлөл, ажил үйлс гээд хүрээлэн байгаа бүх зүйлс намайг энэрэнгүй, хүнлэг, бусдыг ойлгодог эмэгтэй болгосон юм.  Би хэзээ ч бусдыг гомдоохыг хүсэхгүй” гэж тэр мэдэгдлээ дуусгажээ.

Хэдийгээр Саммерс уучлал гуйснаар энэ удаагийн маргааныг намжааж чадах боловч энэ нь Америк хүн бусдын соёл уламжлалд дээрэнгүй ханддаг гэх хэвшмэл ойлголтыг дахин баталсан явдал боллоо.

 

Эх сурвалж: The Guardian